Багшийн цалинг 1000 ам.долларт хүргэхийг шаардаж, ирэх аравдугаар сарын 5-нд багш нар ажил хаяхаар болсон талаар өнгөрсөн долоо хоногт Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийсэн.
Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Зорилго нь зөв ч арга нь буруу. Өөрсдөө хууль бус шийдвэр гаргаад ажил хаялт зарлаж байгаа бол бид хуулийн байгууллагад хандахаас өөр аргагүй. Хэрэв болдог бол зөвхөн багш гэлтгүй Монголын бүх төрийн алба хаагчдынхаа цалинг 1000 ам.доллар болгох хүсэл хүн бүрт бий. Монгол Улсын төсөв 19 их наяд байдаг. Нийт цалингийн зардал 5.1 их наяд. Боловсролын салбарт 98000 ажилтан алба хаагч байгаа, тэдний цалинд 1.7 их наядын зардал гардаг. Энэ жил дахиад цалин нэмж байгаа. Наадмын өмнө нэмэгдсэн. Өнгөрсөн баасан гарагт УИХ-д өргөн барьсан Засгийн газрын 2024 оны төсөвт нийт төрийн алба хаагчдын цалин тэтгэврийг 10 хувь нэмэхээр тусгасан. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа алба хаагчдын хувьд сумын төвд 40 хувь, аймгийн төвд 20 хувь нэмэхээр шийдвэрлэсэн. Цалин хөлс нэмэх асуудал Монгол Улсад нэг цонхны бодлогоор явна. Аль нэг салбарын сайд цалин хөлсийг дээш доош болгох золхицуулалт байхгүй.
Бид гүйцэтгэлийн үнэлгээнээс нэг ч алхам буцахгүй. Ирэх нэгдүгээр сарын 1-нээс хамгийн өндөр гүйцэтгэл гаргасан багш нар өндөр цалин авна. Үр дүн муутай ажиллаад өндөр цалин авах боломжгүй” гэв.