ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Ганибал: Ногоон, улаан  автобусны худалдан авалт нууцад хамаарч байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-10-20

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай цөөн хором ярилцлаа.

-Олон нийтийн зүгээс Ардчилсан намыг сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлж чадсангүй гэдэг шүүмж нэлээд гардаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Өнгөрсөн  гурван жилийн хугацаанд Ардчилсан намын нөхцөл байдал хүнд байлаа. 2020 оны УИХ-аас хойш намын даргагүй, тамга, гэрчилгээний маргаантай байсан. Улсын дээд шүүхэд Ардчилсан намын даргыг бүртгэж авдаггүй нөхцөл байдлыг гурван жил шахам хугацаанд тууллаа. Намын даргатай болоод удаагүй байна. Энэ бол намын дотоод асуудал юм. Гэхдээ  Ардчилсан намын УИХ дахь бүлгийн үйл ажиллагаа хэрхэн явсан бэ гэдэг асуудал дээрхтэй  уялдаж гарч ирнэ. Намын түвшинд нэгдсэн ойлголтгүй, байр суурьгүй байсан нь УИХ дахь Ардчилсан намын бүлэгт нөлөөлөл нь орж ирдэг юм байна гэж ойлгосон. Тиймээс Ардчилсан нам даргатай боллоо. Цаашлаад нэгдсэн бодлоготой болсон. Бүлгийн хувьд намын бодлогыг барьж ажиллах боломжтой болсон. Ингэснээр Ардчилсан намын үйл ажиллагаа идэвхижиж, сэргээд явж байна. Үүнийг олон нийт харж байгаа байх.

-Тэгэхээр цаашид сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, эрх баригч намынханд хяналт тавина гэж ойлгож болох уу?

-Нэг нам дангаараа удаан хугацаанд төрийн эрх барихад бодлогын алдаа их гардаг юм байна. Цаашлаад авлига, албан тушаалын хэрэг ч тэр хэрээр даамжирчээ. Өнгөрсөн 33 жилийн хугацаанд Ардчилсан нам хоёр удаа олуулаа болсон. Гэхдээ хамтарсан Засгийн газрыг байгуулж, бодлогоо тодорхойлж явсан.Тухайн үед Ардчилсан намын  хийж, хэрэгжүүлсэн нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн бодлогуудыг  одоо хэр нь эрх баригчид  шүүмжилсээр байна. Тэгсэн атлаа МАН-ынхан нийгэм, эдийн засгийг өөрчлөх томоохон бодлого болоод үйл ажиллагааг хийж чадахгүй байна шүү дээ. Мөлхөө хүүхэд шиг л байна. АН, МАН- бодлого хийгээд зоригтой шийдвэр гаргах талд маш их ялгаатай. Гэвч ард түмний зүгээс Ардчилсан намынханд сөрөг хүчний үүргээ хангалтгүй биелүүлж байна гэдэг. Эрх баригч нарын асуудлыг олон нийтэд дэлгэж, ярьж, хэлж чадахгүй байна гэж хэлдэг.  Энэ  шүүмжлэл үнэн. Шүүмжлэлийг хүлээн авч, сайтар анхаарч, тэр хэрээр сөрөг хүчний үүргээ цаашид гүйцэтгэх болно.  

-Таны хувьд нийгэмд дуулиан дэгдээж буй ногоон, улаан автобусны худалдан авалт, нүүрс гэх мэт асуудлаар түр хороо байгуулах гээд гарын үсэг цуглуулж байгаа юм байна. Дэмжлэг хэр байна вэ. Эрх баригч намынхнаас нэг ч хүн дэмжиж гарын үсэг зураагүй байна?

-Хэтэрхий олуулаа  эрх баригч намынхан нэг нэгийнхээ авлига, луйврыг хэт их хаацайлдаг юм байна. Тухайлбал, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд олон нийтэд мэдээллийг ил тод хүргэх боломж нь түр хороо байгуулах байдаг. Түр хороо байгуулаад ажиллах гэхээр эрх баригч нар гарын үсэг зурдаггүй. Учир нь УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зурж байж, түр хороо байгуулах эрх үүсдэг. Цаашлаад нээлттэй сонсгол зохион байгуулах эрх үүсдэг юм.

Манай намын 13 гишүүн гарын үсэг зурсан ч,  зургаа хүнийх дутаж байна. Үүнээс үүдэн асуудал хүндэрч байна. Тухайлбал, цар тахлын төсвийн задаргаа байна. Энэ асуудлыг хянаж шалгах түр хороо байгуулах гэхээр мэдээлэл өгдөггүй, гарын үсэг зурдаггүй юм байна.

Нээлттэй сонсгол зохион байгуулах гэхээр шинжээчийг нь томилж өгөхгүй гэх зэрэг асуудал тулгарч байна. Тендерийн тухай хуулийг зөрчсөн маш асуудал өрнөж байна. Цаашлаад нүүрсний оффтек гэрээ байна. Цар тахлын үеийн 20 их наяд төгрөгийн зарцуулалт байна. Ковидын үеийн хууль гэж батлаад, худалдан авах гэрээг зөрчсөн байгаа юм. Нийслэлд гэхэд ногоон, улаан автобусны асуудал сөхөгдөж байна. Цаашлаад түргэний тэрэг, цагдаагийн алаг тэрэг худалдан аваад, бүгдийг нь нууцад оруулсан  байна. Ямар үндэслэлээр хэн гарын үсэг зураад, нууцалсан гэдэг нь өнөө хэр нь тодорхойгүй байна. Цөөнхийн зүгээс энэ мэт асуудлыг олон нийтэд ил болгох гээд чадахгүй байна. Миний хувьд түр хороо байгуулах санаачилга гаргаад явсан ч дэмжлэг аваагүй.

-Улсын хөгжилтэй холбоотой асуудал байхад яагаад мэдээлэл олдохгүй байгаа юм бол. Нууцлах ямар шалтгаан байгаа вэ?

-УИХ-ын чуулганы танхимд түр хороо байгуулах гээд акц хийж байгаа ч МАН-ын гишүүд дэмжихгүй байна. Хулгайн асуудалд нэгдэж чадахгүй байна. Гишүүд нь намаа өмөөрөөд, хөдөлдөггүй. Ийм байдлаасаа хэзээ гарах вэ. Ард түмэн өнөөдөр хохирч байна. Нүүрсний хулгай, цар тахлын үеийн гэрээг ил болгож, хяналт тавьж, шударга үнэнг нэхэх ёстой. Энэ бүх хулгайг ил болговол тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлсийг дахин нэмэгдүүлэх бололцоотой.

 -Нүүрс, автобус, цар тахлын үеийн асуудлууд яагаад нууцлалын гэрээ нэрээр далдлагдаад байгаа юм бэ. Өөрөөр хэлбэл, зэвсэгтэй холбоотой худалдаа, томоохон үйлдвэрлэлийн ноу хау зэрэг асуудал нууцлалд хамаардаг биз дээ?

-Худалдах авах тухай хуульд маш тодорхой заасан байгаа. Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний технологи, галт зэвсэг, тоног төхөөрөмжийг худалдан авахад энэ хуулиар хамаарахгүйгээр шууд гэрээ байгуулах, төрийн нууцад оруулахаар тусгасан байдаг.

Өнөөдөр яагаад ногоон, улаан автобусны худалдан авалт төрийн нууцад хамаараад байдаг юм бэ. Нүүрсний гэрээ яагаад төрийн нууцад орчихдог юм бэ гэдэг нь өнөөдөр асуудал болж байна. Төрийн болон албаны тухай хуульд үндэсний аюулгүй байдалд учруулахуйц нууц гэдгийг тодорхой заагаад өгсөн.

Гэтэл энэ бүхэнд ямар ч хамааралгүй асуудлыг төрийн нууцад оруулчихсан байна шүү дээ. Аливаа зүйлийг нуух тусам тэнд төрийн мөнгө шамшигдаж байдаг. Үүнийг дагаад их хэмжээний луйвар явж байдаг юм. Тухайлбал, хамгийн ойрын жишээ гэхэд ногоон автобусны худалдаа бол зохион байгуулалттай гэмт хэрэг гэдэг нь тодорхой болсон.

-Хуулиас давсан гэрээнүүдийг ил болгох өөр арга бий юу?

-Авлигатай тэмцье гэж бодож байгаа бол хуулиас давсан гэрээнүүдээ олон нийтэд ил болгомоор байна. Цаашид ийм асуудал гаргахгүйн тулд Засгийн газар ажиллах ёстой. Өнгөрсөн хугацаанд түр хороонууд байгуулагдсан. Тэднээс ганцхан түр хороо үйл ажиллагаа явуулж, олон нийтэд мэдээллээ өгч байна. Энэ бол  Хөгжлийн банкны асуудал шүү дээ. Гэтэл нөгөө нүүрсний асуудал ярих байсан түр хороог эрх баригчид зохион байгуулалттай хойшлуулсан. Ковидын үеийн 20 их наяд төгрөгийн зарцуулалтыг олон нийтэд ил болгох гэсэн боловч мэдээллээ өгөхгүй байна. Тэгэхээр зохион байгуулалт, бодлоготойгоор олон нийтэд мэдээллийг ил тод гаргахгүй байна гэсэн үг. Энэ бүхний ард ямар нэгэн асуудал байгаа учраас хойшлуулж, далдалж байна.

-Цаашид улс төрийн акц хийх үү. Аль эсвэл ингээд хараад суух уу?

-Дээрх олон асуудалд  Ардчилсан нам ажлын хэсэг байгуулсан. Шаардлагатай мэдээллүүдээ цуглуулж байна. Цаашид дээрх асуудалтай холбоотой мэдээллүүдийг үе шаттай хүргэнэ. Шаардлагатай гэвэл улс төрийн бусад акцыг хийнэ. Олон нийтийг хамруулсан жагсаал цуглаан зохион байгуулж, ард түмний мэдэх эрхийг хангана.