ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д дахин БЭТ томилно

O.Admin
2023-11-01

Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэл хийсэн талаар, гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Эрдэнэс таван толгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын тайлан, өвлийн аялал жуулчлал, ирээдүйн өв сантай холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар, шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар зэрэг 25 асуудлыг хэлэлцжээ.

Хуралдаанаар ярилцсан асуудал болон гаргасан шийдвэрийн талаар мэдээлж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Гадаад валютын мөнгөн урсгалын нэмэгдүүлэх зорилготой тогтоол 2022 оны 10 дугаар сарын 26-нд гарч байсан. Үүнтэй холбоотойгоор уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогыг нэмэгдүүлэх, Монгол Улсын эдийн засагт тодорхой хувь нэмрээ оруулж байгаа Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үйл ажиллагааг сайжруулахаар бүрэн эрхт төлөөлөгч томилогдон ажиллаж байв. Бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газраас зургаан сарын хугацаатай томилогдон ажилласан. Ажлын үр дүнг УИХ-д танилцуулснаар дахин зургаан сарын хугацаатайгаар тогтоолыг гаргасан байдаг. Улмаар аравдугаар сарын 26-нд БЭТ-ийн ажиллах хугацаа дууслаа. 

Засгийн газрын хуралдаанаар БЭТ-ийн ажилласан байдлын танилцуулгыг хийж, эдийн засагт үзүүлсэн үр нөлөө, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд оруулсан ЭТТ компанийн хувь нэмрийг үнэллээ. Цаашид БЭТ томилогдож ажилласны давуу талыг баталгаажуулах, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх засаглал удирдлага бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыг шинэ шатанд гаргах нэн шаардлагатай байна гэж үзсэний үндсэн дээр арваннэгдүгээр сарын 26-нд БЭТ-ийг дахин томилох нь зүйтэй гэж Засгийн газар шийдвэрлэлээ.

Тэр хүртэлх хугацаанд БЭТ-ийн санал болгосны дагуу Дотоод хяналт шалгалт аудитын газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулах төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг өнөөдөр сонссон. Цаашдаа арваннэгдүгээр сарын 20 хүртэлх хугацаанд түр орлон гүйцэтгэгч үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулна. Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсний дагуу БЭТ дахин томилогдон ажиллах нь" гэлээ.