Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Бүгд Найрамдах Чех Улсын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Мариан Юречка манай улсад 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 1-нд албан ёсоор айлчлах үеэр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр хоёр улсын нийгмийн халамж, даатгалын тогтолцооны талаар мэдээлэл солилцлоо. Тухайлбал, нийгмийн даатгалын шинэчлэл, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, эмзэг бүлгийн иргэд рүү чиглэсэн халамжийн бодлогын талаар танилцуулсан юм.
БНЧУ-д насжилт нэмэгдэж байгаатай холбогдуулан тэтгэврийн шинэчлэлийг эхлүүлжээ. Тэтгэвэрт гарах насыг 60-67 болгон нэмэх, хамгийн багадаа 35 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх зохицуулалт хийж байгаа аж. Мөн хүн амыг өсгөх бодлогын хүрээнд хүүхдийн тооноос хамааран татварын хөнгөлөлтийг урамшуулал байдлаар үзүүлдэг, хүүхэд бүрд биш бага орлоготой хүүхдэд мөнгөн тэтгэмж олгодог байна.
ХНХ-ын сайд Х.Булгантуяа 1999 онд байгуулсан “Монгол Улсын иргэд, БНЧУ-ын иргэдийг харилцан хөдөлмөр эрхлүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг дурдаад, энэ хэлэлцээрийг шинэчлэх санал тавилаа. Тус хэлэлцээрийг байгуулснаас хойш 24 жил өнгөрч, хоёр улсын холбогдох хууль эрх зүйн орчин ихээхэн өөрчлөгдсөн. Тухайлбал манай улсын “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль”-ийг 2021 онд шинэчлэн, баталсныг онцлов.
Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Мариан Юречка хэлэлцээр баталснаас хойш нэлээд хугацаа өнгөрсөн тул шинэчлэхийг дэмжиж, энэ чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлснийг ХНХЯ мэдээллээ.