Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээлээ.
Тэрбээр хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэстний бахархал болсон морин хуураа дээдлэн дэлгэрүүлж, үндэсний ухамсар, соёл, сэтгэлгээг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхий дахинд улсынхаа нэр хүндийг өргөн, өв соёл, үнэт зүйлийг сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулсныг нь Монголын төр ийнхүү үнэлж байгааг тэмдэглэв.
1992 онд байгуулагдсан Морин хуурын чуулга анхны тоглолтоо 1993 онд хийсэн түүхтэй. Одоогоор эх орондоо 3,000 гаруй, дэлхийн 21 улсад 95 удаа 600 гаруй удаа тоглож, уран бүтээлээ толилуулаад байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор:
- Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлж, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад оронд сурталчилан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын хамтлаг, иргэн, хуулийн этгээд,
- Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний амар амгалан байдлыг бэхжүүлэх, гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчилах, эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэнийг шагнадаг юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн эрхмүүд:
- 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат,
- 2006 онд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав,
- 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн,
- 2010 онд төр, нийгмийн зүтгэлтэн, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Р.Гончигдорж,
- 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди,
- 2012 онд УИХ-ын дарга асан, гавьяат эдийн засагч Д.Дэмбэрэл,
- 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном,
- 2014 онд нэрт эрдэмтэн, физикч, академич Х.Намсрай,
- 2015 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо,
- 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар,
- 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр,
- 2019 онд The Hu хамтлаг,
- 2021 онд сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа,
- 2021 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин,
- 2022 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Д.Доржготов,
- 2022 онд АНУ-ын эрдэмтэн, доктор, профессор Жак Уэтерфорд