ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

НД-ын багц хуулийн журам, дүрмийг боловсрууллаа

O.Admin
2023-11-17

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хуулийг хэрэгжүүлэх журам, заавар, дүрэм, аргачлал боловсруулж батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хурал боллоо.

Улсын Их Хурлын чуулганы 2023 оны долоодугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хууль болох Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг тус тус хэлэлцэн баталсан.

Дээрх хуулиудыг 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Нийгмийн даатгалын багц хуулийг хэрэгжүүлэх журам, заавар, дүрэм, аргачлалыг боловсруулж, батлуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн хурал 2023 оны арвэннэгдүгээр сарын 15-ны өдөр боллоо.

Тус хурлаар журам, заавар, дүрэм, аргачлалыг боловсруулан батлуулах ажлын явцын талаар танилцуулж, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл болон ажлын хэсгийн гишүүдийн зүгээс дүрэм, журам, заавар, аргачлал боловсруулахтай холбоотой тулгарч буй асуудал, талуудын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал солилцлоо. Тус ажлын хэсгийн ахлагч, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал ажлын хэсгийн гишүүдэд цаашид анхаарч ажиллах, гүйцэтгэлийг сайжруулах чиглэлээр холбогдох үүрэг даалгавар өглөө.

Өнөөдрийн байдлаар батлагдсан-10, энэ сард батлагдах-11, санал авахаар хүргүүлсэн-11, боловсруулж байгаа-16 журам, дүрэм, заавар, аргачлал тус тус байна.