Манай төрийн гурван өндөрлөг эвтэй айлын эхнэр, нөхөр хоёр шиг нэг машиндаа суугаад ажилдаа ирдэг бол сайнсан, тийм ээ. Саяхан нэг жиргээч ингэж бичсэн байсан. Сайхан санаа. Уулын нэг амнаас ирж байж, улсын олон машинд мөнгө үрж, шатахуун шатаахын хэрэг юун. Эхнэр, хүү, бид гурав ажил төрлөө яриад, амьдрал ахуйгаа хэрхэн өөд татахаа зөвлөлдөөд, нийтийн унаанд явдаг шиг энэ улсын эзэд байна даа улс орныхоо болохгүй, бүтэхгүй бүхнийг хэлэлцээд, хэрхэн хөгжүүлэх тухайгаа төлөвлөөд нэг машинд явбал зүгээрсэн. Дандаа биш юм гэхэд хаяадаа дохиотой машинаа орхиод, түгжрэл дунд явсан ч яах вэ дээ, ер нь. Ард иргэдийнхээ амьдрал ямар байгааг ажаад, цонхоо нээж утаа униар, өмхий, самхай үнэрлээд, түгжрэл гэж ямар юм байдгийг биеэрээ мэдрээд явбал амьдралд ойрхон шүү дээ.
Ямар та гурав өөрсдөө жолоо барих биш болохгүй бол хугас шил юм хуваалцаад явахад ч болохгүй зүйлгүй. Амьдрал гоё шүү дээ. Монгол Улсын, монголчуудын амьдрал л дээшилж байвал, төр болсон та хэд маань төвшин сайхан эвтэй байвал сайхан л байна шүү. Замын түгжрэлээ хэрхэн шийдэхээ хоорондоо хэлэлцээд, за бас утаагаа хэрхэхээ зөвлөлдөөд, өмхий үнэрээ нам дараад авбал өнөөдөр та гурав төрийн гурван өндөрлөг гэж явсны хэрэг бүтлээ. “Хотын газрыг зарсан шүү” гэж нэг нь гэмээ хүлээгээд, “Хужаа гэж хэлсэнд уучлаарай” хэмээн нөгөөх нь уучлал гуйгаад, хотоо одооноос тэлэхэд хамтарч ажиллая гэж аядуу зөөлөн санал гаргаад, ард түмнээ цагаан цаас биш ухаант хүн гэдгийг хүлээн зөвшөөрөөд ирвэл дээрсэн. Улсын эцэг Ерөнхийлөгч УИХ-ын даргад “Танай нутагт Майдар хот барья” гэдэг саналаа хэлээд, өнөөх нь дэмжиж “Нээлтийг нь сайхан хийж, морь уралдуулъя” гэж уулгалаад явбал гоё оо.
Хажуугаас нь Ерөнхий сайд Сайншандад шатахуун нэрэх үйлдвэр барих ажлаа яриад, Ерөнхийлөгч санаа нэмж үйлдвэрийн цогцолбороо зүтгүүлээд, УИХ-ын дарга маань хэрвээ тэгж байгаа бол “Дүнжингарав” наадмаа Сайншандад зунаар зохиох талаар санаа оноо нэмэрлэчихвэл зүгээрсэн. За тэгээд та гурав минь өмнө, хойдох өш хонзон байдаг бол эр хүн шиг машин дотроо хэлэлцээд, өөрөөр хэлбэл цусаа гартал зодолдоод, тосоо гартал тэврэлдээд эв зүйгээ олбол аятайхан даа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр хэрхэн төмөр өргөдгийг, яаж цээжний шахалт хийдгийг УИХ-ын даргад зааж өгөөд, өнөөх нь фитнесст хамт явж булчингаа хөгжүүлээд эхэлбэл та гурвыг түүхэнд жинхэнээсээ төрийн гурван өндөрлөг гэхээс гадна “төмөр өргөдөг гурвын үе” гэж тэмдэглэх байх даа. Тэгээд бас Ерөнхий сайд нь УИХ-ын даргатайгаа ойлголцчихвол, нэг намын 32, 33 бүлэг гэж хуваагдахгүй, нэгэн дээвэр дор нэгдэж 65-ын бүтэн бүлэг болчихвол итгэж сонгосон ард түмэн чинь эрх биш баярлах нь дамжиггүй. Цагдаа, тагнуул, АТГ-аар нь хувааж авчихаад нэг нь нэгийгээ тагнуулж, хүчний байгууллагуудын удирдлагуудтай золголт хийж байснаас цаад уулынхаа аманд гурвуулаа нэгнийхээрээ орж гарч цайгаа хувааж уугаад, улсаа хэрхэн хөгжүүлэхээ яривал сайнсан. Тэгж л чадахгүй бол та гурав хэчнээн том биетэй, төмөр өргөдөг хүчтэй байгаад, морь уралдуулдаг хийморьтой байгаад ч, тамга барьж, төрийн гурван өндөрлөг гэдэг нэр зүүгээд ч нэмэргүй. Нэг нэгээрээ чичлүүлснээс нийлээд “ажиллавал” ямар вэ.