ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гадаадын иргэн, ААН-д  газар эзэмшүүлсэн асуудлыг яаралтай шалгах чиглэл өгчээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-12-07

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цаг үеийн асуудлаар Засгийн газарт чиглэл өглөө. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Б.Золбаяр мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Б.Золбаяр “Ерөнхийлөгчийн бодлогын үндсэн цөмд гурван асуудал бий.

Тэдгээр нь:

Тусгаар тогтнол

Үндэсний аюулгүй байдал

Ард түмний эв нэгдэл юм.

Гэтэл Монгол Улсын нутаг дэвсгэр, Өмнөговь аймгийн газар нутгаас гадаадын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн тухай баримт ил болсон. Ерөнхийлөгч үүнд онцгой анхаарч байгаа бөгөөд хууль хяналтын байгууллага анхаарч ажиллан, гарсан үр дүнг олон нийтэд шуурхай мэдээлэх ёстой гэж үзэж байна.Энэ дагуу Засгийн газарт чиглэл өглөө. Энэ нь юу вэ гэхээр монгол улсын үндсэн хууль, газрын тухай хууль, бусад хууль тогтоомжуудыг илтэд зөрчиж байгаа асуудал яригдаж олон нийтийг цочирдуулсан.

Тухайлбал, Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай ноцтой баримт ил боллоо. Энэ асуудал МУ-ын ерөнхийлөгч онцгойлон анхаарлаа хандуулж, засгийн газарт хууль хүчний чиг үүрэг хэрэгжүүлэх ёстой байгууллагуудыг яаралтай ажиллуулж хууль сахиулах үйл ажиллагааг яаралтай хэрэгжүүлж үр дүнг нь ард түмэнд нээлттэй ил тод болгож мэдээлэх ёстой гэсэн байр суурийг ерөнхийлөгч илэрхийлж байгаа юм.” гэв. Ерөнхийлөгч Засгийн газарт дараах чиглэлийг өглөө.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танаа

Газар эзэмшилт, ашиглалтыг шалгах тухай:

Монгол Улс төрийн байгуулламжийн хувьд нэгдмэл байж, нутаг дэвсгэр, засаг захиргааны хувьд хуваагдахаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан байдаг. Монгол Улсын газар нутгийн халдашгүй дархан байдал, түүнийг сахин хамгаалах нь Монгол төрийн үндсэн үүрэг, Үндэсний аюулгүй байдлын нэн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. УИХ-ын Хянан шалгах түр хорооноос энэ сарын 5-нд зохион байгуулсан сонсголын үеэр улсын үндэс, тусгаар тогтнолын баталгаа болсон Монгол Улсын газрыг Үндсэн хууль бусад хууль, тогтоомжийг зөрчиж,  гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай баримтыг гаргаж тавилаа. Тиймээс Засгийн газар хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хяналт тавих үндсэн чиг үүргийнхээ хүрээнд Монгол Улсын газрын нэгдмэл сан, газар эзэмшилт, ашиглалт, бүртгэл, түүний хяналтаар холбогдох арга хэмжээг авч, гэм буруутай этгээдүүдийг хуулийн байгууллагад шилжүүлж, энэ талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээг шуурхай танилцуулахыг чиглэл болгож байна" гэжээ.

Өмнөговь аймагт гадаадын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн асуудлын талаар тодруулбал нүүрсний асуудлаарх сонсголын үеэр шинжээчийн дүгнэлтээр 2020-2022 оны нийт газар олголтод гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээд 457.3 га газар эзэмших эрх олгосон. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай хоёр хуулийн этгээдэд эрчим хүчний зориулалтаар 4,100 га газар эзэмших эрх олгосон гэдэг нь ил болсон юм.