ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд ЭТТ компанийн хувьцааг эзэмшүүлнэ

O.Admin
2023-12-20

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаатай холбоотой шийдвэрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. 

Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой ХК (ЭТТ) хувьцаа эзэмшигчдийг шийдвэрлэхээр тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар боллоо. Засгийн газраас УИХ-д өнөөдөр өргөн барих гэж байгаа тогтоолын төсөлд дараах агуулгыг тусгасан. "ЭТТ" ХК-ийн 34 хувийг Монголын нийт ард иргэд бүрэн эзэмших шийдвэрийг гаргаж байна. Монгол Улсын 2.5 сая гаруй иргэн "ЭТТ" ХК-ийн 18.04 хувийн хувьцааг эзэмшиж байгаа бол шинээр 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд хувьцаа эзэмшлийн асуудлыг жигд хүртээх шийдвэрийг гаргахаар тогтоолын төслөө өргөн барилаа" гэв.

Энэхүү тогтоолын төсөлд гурван агуулга бий. Үүнд:

"ЭТТ" ХК-ийн 34 хувийг Монголын ард түмэн нийтээр эзэмших эхний шийдвэр

"ЭТТ" ХК-ийн хувьцаа нь цаашид шинээр төрсөн болон шинээр Монгол Улсын харьяат иргэн болсон бол хувьцаа эзэмшигч болгодог байх тогтолцоог улсын бүртгэлтэй хамтарч бий болгоно. Энэхүү хувьцаа нь өвлөгддөггүй, хөрөнгийн биржээр арилжаалагддаггүй. Өөрөөр хэлбэл хоёр дахь зах зээлд гардаггүй учраас Монгол Улсын иргэн харьяатаас хасагдсан болон нас барсан тохиолдолд хувь хувьцаа эзэмшигчээс хасагдах зохицуулалтыг хийх юм.

2015 онд "Сайн хувьцаа" гэж тухайн үеийн Засгийн газраас гаргаж, оюутан залуус, ахмадууд, зарим төрийн албан хаагчдад НДШ төлөх, тэтгэвэр урьдчилж авах хэлбэрээр хувьцааг нь худалдаж авсан байдаг. Тэгвэл өнөөдрийн өргөн барьж байгаа тогтоолоор тухайн үед худалдаж авсан, нэрлэсэн ханшаараа нэгж хувьцааг 933 төгрөгөөр тооцож зарсан иргэд 2028 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд тухайн зарсан хувьцаагаа нэрлэсэн үнээрээ буцааж худалдаж авах боломжийг бүрдүүлэх шийдвэр гарч байгаа. Иргэн бүр ижил тэгш эрхтэй байх ёстой. Магадгүй 300,000 төгрөгөөр хувьцаагаа зарсан бол 300,000 төгрөгөө буцааж тушаагаад өөрийнхөө хувьцааг бүтэн авах боломжийг бүрдүүлж байгааг хэллээ.