Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 11-13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцож байгаа билээ. Хэдийгээр тус уулзалт жил бүр болдог хэдий ч олон орны төрийн тэргүүнүүдийг нэр дор цуглуулж, чуулдгаараа онцлогтой. Нөгөөтэйгүүр, “Алс Дорнод: боломжийн хязгаарыг тэлэх нь” сэдвийн дор чуулж байгаараа энэ жилийн онцлог нь оршиж байгаа юм. Тус уулзалт дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг томоохон үйл ажиллагааны тоонд зүй ёсоор багтдаг. Энэ удаагийн чуулганы зорилго нь оролцогч орнууд болон олон талын хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломжийг эрэлхийлэхэд чиглэж байгаа билээ. Монгол Улс хоёр хөрш орны нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин тээвэрлэлт хийж, хөрш орнуудынхаа далайн боомтыг ашиглан дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах төлөвлөгөөтэй. Мөн “Монгол Улс, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин далайд гарах, буцах болон дамжин өнгөрөх тээвэр хийх тухай хэлэлцээр”, “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээр” зэрэг чухал баримт бичгийг байгуулсан юм.
Энэхүү баримт бичгийг баталгаа болгож, Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын бүрэлдэхүүнтэй Өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэлэхдээ Монгол Улсын байр суурийг тов тодорхой илэрхийлсэн нь дэлхийн нийтийн анхаарлыг татахаас гадна БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдтэй уулзахдаа тавьсан санал нь дэмжигдсэн зэргээс харвал чуулга монголчуудын хувьд чухал ач холбогдолтой байлаа. Ерөнхийлөгч “Монгол Улс нь хөрш орнууд, бүс нутгийн орнуудтай улс төрийн харилцааны өндөр төвшинд хүрсэн, аливаа хурцадмал, маргаантай асуудалгүй орон билээ. Энэ ч үүднээс “Улаанбаатарын яриа хэлэлцээ” зэрэг бүс нутгийн орнуудын харилцан ойлголцлыг бэхжүүлэх, яриа хэлэлцээг гүнзгийрүүлэхэд чиглэсэн санаачилга дэвшүүлэн ажиллаж байна. Улс төрийн харилцааны өндөр төвшинг бататгахын зэрэгцээ бүс нутгийн орнуудтай хөгжлийн бодлогоо уялдуулж, томоохон төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхийг зорьж байна. Тухайлбал, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор” байгуулахаар ажиллаж байгаа.
Хөтөлбөрийн хүрээнд тодорхой төслүүдийн хэрэгжилтийг эхлүүлэх талаар Чиндао хотод болсон уулзалтаар Путин Ерөнхийлөгч, Си Жиньпин дарга нартай ярилцсан. ОХУ-аас БНХАУ руу барихаар төлөвлөж байгаа байгалийн хийн хоолойг Монгол Улсаар дамжуулан өнгөрүүлэх асуудлаар бид хамтран ажиллахад бэлэн байна. Монгол Улсын энэ хүсэлтийг дэмжсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНХАУ-ын Дарга Си Жиньпин танд дэмжинэ гэдэгт найдаж байна” хэмээсэн. Ерөнхийлөгч энэхүү саналаа ОХУ болон БНХАУ-ын тэргүүнүүдтэй уулзахдаа биечлэн хэлж, улам ч баталгаажуулав. Энэ үеэр Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа. Уулзалтаар талууд ОХУ-аас олгох 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийг УБТЗ нийгэмлэгийн шинэчлэл болон эрчим хүчний салбарт зориулах, хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны шинэчилсэн төлөвлөгөө гаргаж ажиллах асуудлаар ярилцав.
Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулахад хамтарч ажиллах асуудлаар саналаа илэрхийлж, санал, төслүүдтэй холбоотой эдийн засгийн тооцоо судалгааг ОХУ-ын Ерөнхийлөгчид гардууллаа. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хоёр улсын хамтын ажиллагаа бүхий л салбарт эерэг үзүүлэлттэй, сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлттэй байгаад сэтгэл хангалуун байгаагаа онцлоод цаашид хөдөө аж ахуй, төмөр зам, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа хэлжээ. ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах Ерөнхийлөгчийн өмнө тавьсан саналыг дэмжиж байгаа илэрхийлсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин тус улсаас Монгол Улсад олгохоор ярилцаж байгаа 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийг УБТЗ-ын болон Дулааны цахилгаан станцын шинэчлэлд зарцуулах боломжтой гэсэн хариултыг өгөв.
Мөн Ерөнхийлөгч БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах болон ОХУ-БНХАУ-ыг холбосон хийн хоолойг Монгол Улсаар дамжуулах, гурван улсын эдийн засгийн коридорын төслүүдийг эрэмбэлэх талаар хамтарч ажиллах, хөдөө аж ахуйн гаралтай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох зэрэг асуудлыг дэмжиж ажиллахыг хүслээ. Мөн Замын-Үүд-Алтанбулагийн хурдны зам байгуулах хамтарсан ажлын хэсэг байгуулах гэх мэт тодорхой саналууд тавьж ярилцсан байна. БНХАУ-ын дарга Cи Жиньпин хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг иж бүрэн утгаар шинэчилж, худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх, төмөр зам барих, боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх, бүс нутгийн энх тайван аюулгүй байдал гэх мэт олон чиглэлээр хамтран ажиллахдаа бэлэн байгаагаа хэлж, дэмжихээ илэрхийлжээ. Үүгээрээ тус чуулга уулзалт Монгол Улсад эдийн засгийн хувьд үр өгөөжтэй боллоо.