Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргалаа.
Тэрбээр “Элэг нэгт монгол ахан, дүүс ээ, та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Хос хоёр чавхдасаараа хорвоо дэлхийг уярааж, хүмүүний сэтгэлийг хөглөх увдистай монгол үндэсний соёл урлагийн хосгүй хөгжмийн зэмсэг морин хуур бол тал нутгийн монгол аялгууны үндэс, монгол хөгжмийн хаан монголчуудын үнэт зүйл билээ. Өвөг дээдэсийн баялаг өв, сан, өвөрмөц ахуй амьдрал, зүрх сэтгэлийн илэрхийлэл болсон морин хуураа аялгуулан эгшиглүүлж, үр хойчдоо уламжлуулж, олон улсад сурталчилан таниулж, түгээн дэлгэрүүлж, алдаршуулан хөгжүүлэх нь монголчууд бидний эрхэм чухал үүрэг юм.
Тиймээс 1992 онд төр засгийн бодлого, түмэн олны дэмжлэг, Төрийн тэргүүний шийдвэрээр төрийн хан хуурыг бүтээн залж, Засгийн газрын тогтоолоор морин хуурын чуулгыг байгуулж, улмаар 2002 онд морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх Ерөнхийлөгчийн зарлиг гарч байсан түүхтэй. Мөн өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын филармонийн морин хуурын чуулгыг үндэсний хөгжим морин хуураа сэргээн хөгжүүлэх, дээдлэн дэлгэрүүлэх монгол түмнийхээ үндэсний бахархал, соёл сэтгэлгээг баяжуулах, дэлхий нийтэд таниулах үйлсэд оруулсан онцгой хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Төрийн дээд “Чингис хаан” одонгоор шагнасныг та бүхэн мэдэж байгаа.
Тэгвэл өнөөдөр Монгол төрийн тэргүүн монгол үндэстний бахархал, түүхэн бахархал, оюун сэтгэл, цог хийморын илэрхийлэл, хүсэл тэмүүлэл болсон арга билгийн хос чавхдаст ая хөгийн яруу дуурсгал морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимчүүлэх тухай зарлиг гаргаж, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг чиглэл болгож байна. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэв.