ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Улаан-Үдэд байгуулсан хавдар оношлох төв монголчуудад үйлчлэх бүрэн боломжтой

O.Admin
2024-02-19

ОХУ-ын Бүгд найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко болон ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Цыденов нар эрүүл мэнд, анагаах ухааны салбарт хамтран ажиллах гурван талт уулзалт хийлээ. Уулзалт хоёр орны хооронд:

  • анагаах ухааны салбар мэргэжилтэн бэлтгэх,
  • эх, хүүхдийн эмчилгээ, оношилгоонд хамрагдах,
  • эм, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх,
  • шинжлэх ухааны судалгааг хуваалцах, хамтран явуулах,
  • эрүүл мэндийн чиглэлийн жуулчлалыг нэмэгдүүлэхэд төвлөрөв.

Уулзалтаар хоёр орны хамтарсан анагаах ухааны салбарын мэргэжилтэн бэлтгэх төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйг онцоллоо. Өнөөдөр ОХУ-ын Москва болон Санкт-Петербург хотод монгол эмч, эмнэлэгийн ажилтнууд мэргэжил дээшлүүлж байна. Мөн Улаан-Үүд хотын Анагаах ухааны коллежид 30 гаруй монгол оюутан суралцаж байна. ОХУ-ын зүгээс их дээд сургуулиа төгссөн оюутнуудыг, өөрийн орны эмнэлгийн байгууллагуудад мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтойг уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.

ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко хэлэхдээ, ОХУ Буриад улсад хавдар судлал, түүнийг үр дүнд анагаах чиглэлээр олон ажил хийж байна. Улаан-Үдэд байгуулсан хавдар оношлох, анагаах төвөөс монголчууд эмнэлгийн үйлчилгээ авах бүрэн боломжтойг уламжилъя гэв. Тэрбээр, Монгол Улс нярайн эндэгдлийг буруулахад ихээхэн анхаарч, тодорхой үр дүнд хүрсэн. Бидний зүгээс үг үр дүнг улам бүүр сайжруулахад өөрийн арга туршлага, ололтоос хуваалцахад бэлэн байна гэсэн юм.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэлэхдээ, “Уулзалтын хүрээнд Монгол Улс-ОХУ эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэхээр тохиролцлоо. Тэр дундаа анагаахын бүх төрлийн өндөр технологийн тоног төхөөрөмж, эмчилгээг Монголд нэвтрүүлэх талаар шийдэл хүрлээ. 1995 онд байгуулсан Засгийн газар хоорондын гэрээний хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцсон үр дүнтэй уулзалт боллоо” гэв.