Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Швед Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд Ногоон барилга, Эрчим хүчний хэмнэлттэй барилга, Хэсэгчилсэн халаалтын технологийн чиглэлээр Шведийн мэргэшсэн томоохон компаниудын төлөөлөлтэй 2024 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Стокхолм хотноо дугуй ширээний уулзалт хийв.
Тус уулзалтад "Бизнес Швед байгууллага", "Шведийн эрчим хүчний агентлаг", "SwedFund" болон хүйтэн сэрүүн уур амьсгалтай орнуудад хэсэгчилсэн халаалт, ногоон, ухаалаг, эрчим хүчний хэмнэлттэй барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж мэргэшсэн "Sweco, Siemens Energy", "AlfaLaval", "Carbo seal", "VI Flow Group", "Arne Jensen" компанийн удирдах болон ахлах албан тушаалтнууд оролцлоо.
Талууд дулааны хоолойн засвар үйлчилгээг газар ухахгүйгээр гүйцэтгэх нягтаршуулсан полимерэн өнгөлгөөний Шведийн дэвшилтэт технологи, түлш ашиглан өндөр үр ашигтай цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэх технологи"-ийг Монголд нэвтрүүлэх өргөн боломжтой талаар хэлэлцэж, санал солилцов. Мөн компанийн төлөөллүүд Шведийн туршлага, дэвшилтэт технологи, судалгааны төсөл, зөвлөх үйлчилгээ зэрэг чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.
Барилга, хот байгуулалтын сайд Монгол Улсын барилгын салбарын нөхцөл байдал, сорилт, бэрхшээл, Засгийн газраас баримталж буй бодлогын талаар оролцогч компаниудад мэдээлэл хийж, цаг уурын ойролцоо нөхцөлтэй Швед Улсын ногоон, ухаалаг, эрчим хүчний хэмнэлттэй барилгын технологи, зөвлөх үйлчилгээ, судалгааны чиглэлээр Монгол Улсын барилгын салбарт хамтран ажиллахыг хүслээ.