ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Амарсайхан: Нийслэлд шар усны үерээс сэргийлэхэд 11 тэрбум төгрөг гаргана

O.Admin
2024-03-13

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хаваржилтын нөхцөл байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, Улаанбаатар хотод амьдарч буй иргэдийн махны хэрэгцээ, үнийн асуудлыг хэлэлцсэн. Хаврын хүндрэлтэй энэ цаг үед махны хангалт, үнийн зохицуулалт хийхгүй бол болохгүй байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлд 6300 гаруй тонн нөөцийн махыг долоон аж ахуйн нэгж бэлтгэн нийлүүлсэн. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардал 13.7 хувиар өссөн. Иймд айл өрхүүдэд очих махны үнийг өсгөхгүй байхад анхаарч байна. Нөөцийн махыг энэ сарын 11-нээс эхэлж есөн дүүргийн 357 дэлгүүр хоршоогоор худалдаж эхэлсэн. Зардлын зөрүүг гаргаж, махны үнийг тогтворжуулна.

Хоёрдугаарт, энэ хавар цас зудын нөхцөл байдлаас шалтгаалж нийслэл, хөдөө орон нутагт шар усны эрсдэл үүсэхээр байна. Нийслэлд халиа дошин үүсэж, айл өрх, аж ахуйн нэгж өртөх эсрдэлтэй байгаа юм. Нийслэлд шар усны эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд 11 тэрбум төгрөг шийдвэрлэх шийдвэр гаргалаа. Нүүлгэх шилжүүлэлт, тоног төхөөрөмжийн бэлтгэл хангахад шаардлагатай хөрөнгийг тусгасан. Зудын эрсдлийг даван туулахад үе шаттай арга хэмжээ авч байна. Аймаг орон нутагт малчдад хүргэх дэмжлэг туслалцаа явсаар байна. Нийт 77 мянга 394 өрхөд 203 мянган боодол өвс, 80 мянган айлд тэжээл, 110 мянган айл өрхөд 1740 тонн хүнсний бүтээгдэхүүн хүргэсэн байна. Энэ ажил цаашид үргэлжилнэ. Мөн эмнэлэгийн байгууллагаас явуулын байдлаар тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм" гэлээ.