Ирэх даваа гараг буюу энэ сарын 18-ны өдөр тохиох Монгол цэргийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулган Төрийн ордонд өнөөдөр хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэллээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн “Эрчүүдийн хөгжлийн асуудал” сэдвээр илтгэлийн хэсгийг эхлүүллээ. А.Адъяасүрэн гишүүн нь тус чуулганыг санаачлагч бөгөөд индрээс тавьсан илтгэлдээ монгол төр монгол эрчүүдэдээ бодлогоо зориулах цаг ирлээ гэдгийг хоёр жилийн өмнө энэхүү индрээс хэлж байснаа онцоллоо.
Тэрбээр, “Миний бие УИХ-ын гишүүний хувьд өөрийн санал санаачилгыг Төрийн тэргүүнд уламжилж, 2022 оны гуравдугаар сарын 14-нд Ерөнхийлөгчийн ивээл дор анхны уулзалтаа хийж байлаа. Тодорхой хэд, хэдэн асуудлаар зөвлөмж гаргаж байснаа өнөөдөр дүгнэж, эрчүүдийн хөгжлийн асуудлаа эргэж нэг ярьцгаая хэмээн Ерөнхийлөгчид саналаа дуулгасан маань дахиад ийнхүү ажил хэрэг болж, энэ танхимд хуран цуглаад байна, бид. Монголын нийгэмд эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөг хангах хөдөлгөөн тогтмол өрнөж, хүчирхийлэлтэй тэмцэх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог ч хангаад явж байна.
Харин жендэрийн эрх тэгш байдалд эрэгтэйчүүдийн асуудлыг орхигдуулж, олон асуудлаа эргэж харах шаардлага бий болоод байна. “Эмэгтэйчүүд ба хөгжил” гэсэн өмнөх үеэ халж эмэгтэй, эрэгтэй хүмүүст хөгжлийн тэгш боломж олгох, жендэр ба хөгжлөө хосолмол байдлаар буюу шинэлэг арга барил руу өөрчлөх шаардлагатайг онцгойлон сануулъя. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд ч “...нийгэм, соёлын харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижил тэгш оролцоно” хэмээн тунхагласан атлаа эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудлаа цаашид орхигдуулахгүй явах нь зөв юм. Та бидний ярилцаж буй эрчүүдэд тулгарсан, хөгжилд нь саад болж буй асуудлууд нэг, хоёр удаагийн биш нэлээд олон удаа ярилцаж, үндэсний хэмжээнд анхаарч байж шийдэх ёстой асуудлууд юм шүү” хэмээгээд хэд, хэдэн ноцтой тоон баримтуудыг индрээс дуулгалаа.
Тодруулбал,
-Эрчүүдийн эрүүл мэндийн асуудал нэн тулгамдсан асуудал болсон. Дундаж наслалтын зөрүү 9.5 буюу дэлхийн 13 орноос зургадугаарт бичигдэж байгаа.
-Залуус эрүүл мэндээрээ цэрэгт тэнцэхээ больсон.
-Жилд дунджаар 17 мянган хүн нас бардгаас 60 гаруй хувь нь эрчүүд байдаг.
-2020 оны байдлаар 10 нас баралт тутмын зургаа нь эрэгтэйчүүд.
-Эрчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ тодорхой сайжраагүй.
-Малчдын амьдрал тэр дундаа ганц бие залуу малчдын эзлэх хувь хэмжээ 2023 оны байдлаар 18-35 насны малчдын дунд 88 хувийг эзэлдэг.
-10 эрэгтэй тутмын зургаа нь тамхи татдаг. Согтууруулах ундааны нэг хүний жилийн хэрэглээ 30 литрээс 50 литр болж өссөн.
-Архины шууд болон шууд бус шалтгаанаар жилд 4000 орчим хүн нас барж буйн дийлэнх нь эрчүүд.
-Эрчүүдийн амиа хорлох явдал эмэгтэйчүүдээс 5.8 дахин их. Үйлдвэрлэлийн ослоор дандаа эрчүүд нас бардаг хэмээлээ.
...Анхдугаар чуулганаас олон нийтэд хандан 50 гаруй багц санал гаргасан бөгөөд хэд, хэдэн чиглэлд үр дүнгээ өгөөд явж буйг чуулганыг санаачлагч А.Адъяасүрэн гишүүн мөн энэ үеэр онцлов.
Тухайлбал, архидалтаас үүдэлтэй гэмт хэргийн гаралт буурсан, өндөр хатуулагтай архины хэрэглээг бууруулах эрхзүйн орчин бүрдсэнийг дуулгав. Цаашдаа залуу малчдыг орон сууцжуулах, үндэсний хэмжээний хөгжлийн бодлогод эрчүүдийн хөгжлийн асуудлыг чухалчлан тусгаж, төсөв мөнгийг шийдэх, Засгийн газраас 2020 онд баталсан “Монгол малчин” хөтөлбөрийг тууштай идэвхжүүлэх, чанартай урт наслалт буюу дундаж наслалтын зөрүүг ойртуулах зэргийг салбар дундын зохицуулалтын эрхзүйн таатай орчноор шийдэхийг хэлж байлаа.
Хүн амзүйн тухай, Эрэгтэй, эмэгтэй хүмүүст сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэх тухай, Архи тамхины хэрэглээний тухай хууль, эрхзүйн орчнуудыг шинэчлэх зэргээр тодорхой хуулиудад жендэрийн тэгш эрхийг тусгахаас гадна өмнөх чуулганаас гарсан зөвлөмжүүдийг төрийн бүх шатанд шуурхайлан мөрдүүлж, хэрэгжүүлж эхлэх ёстойг индрээс сануулсан юм.
Тэгвэл, Монголын нийт хүн амын 49 хувийг бүрдүүлж буй эрчүүдийн асуудалд төр анхаарч эхэлсэн гэдгийг ХНХ-ын сайд Х.Булгантуяа онцолсон бөгөөд өмнө нь дандаа эмэгтэйчүүдийн асуудал, жендэрийн асуудлыг ярьдаг байсан гэлээ. Гэтэл эрчүүдийн асуудал энэ бүхний цаана үлдэж хоцорчээ. Эрчүүдийн боловсрол эзэмшилт муу.
Сэтгэлзүйн асуудлыг нь орхигдуулснаас эрчүүдийн дунд амиа хорлолт нэмэгдсэн. Мөн гэмт хэрэгт холбогдох нь ихэссэн учраас эрчүүдийн асуудлыг төр анхаарахаас өөр аргагүй болоод буй. Гадаад улсад ажиллаж буй хүмүүсийн дийлэнх нь эрчүүд байгаа бөгөөд тэднийг хамгаалах үүднээс хөдөлмөрийн аюулгүй байдал, хууль ёсны ажил эрхлэлтийн асуудлаар холбогдох улс орнуудтай яриа хэлцэл хийгээд явж буйг дуулгалаа.
Төрөөс жендэрийн эрх тэгш байдлыг хангах үүднээс өрх толгойлсон аавууд, 3 хүртэлх насны хүүхдээ харж буй аавын нийгмийн даатгалыг даах, гэр бүлийнх нь хүн нас барсан бол тэтгэврийн тодорхой хувийг насан эцэс хүртлээ авах боломжийг бүрдүүлж өгчээ.
Өмнө хэлсэнчлэн, эрчүүдийн дундаж наслалт 70.7 буюу эмэгтэйчүүдээс 9.5-аар бага, хөрш хоёр орноосоо дундаж наслалт 5-аар бага байна гэв. Монголчуудын эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн дунд өндөр градустай согтууруулах ундааны хэрэглээ, агаарын бохирдол, тамхи, артерын даралт ихсэх өвчин тэргүүлэх таван өвчлөл болоод байгаа аж. Хорт хавдрын өвчлөлд ч эрчүүд ихээр өртөж буйг Ерөнхийлөгчийн эрүүл мэнд,спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан хэлж байлаа.