ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

2024 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлалаа

O.Admin
2024-03-31

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо.

УИХ, Засгийн газрын төлөөлөл, ДЭМБ, ЭМЯ түүний харьяа байгууллага, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, үндэсний төвүүд, аймаг, нийслэл, дүүргийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн удирдлага 150 гаруй хүн оролцсон зөвлөгөөнийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нээж, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Соккоро Эскаланте, Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар үг хэлж мэндчилгээ дэвшүүлэв.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг зөвлөгөөнд оролцогч зочид болон салбарынхандаа талархал илэрхийлээд “Зөвлөгөөнөөр эрүүл мэндийн салбарт 2023 онд хэрэгжүүлсэн арга хэмжээ, ололт, үр дүнг ярилцахаас гадна энэ онд эрүүл мэндийн салбарт дэвшүүлж байгаа зорилтуудыг хэлэлцэх юм. Мөн УИХ, Засгийн газраас 2024 онд эрүүл мэндийн салбарт дэвшүүлж байгаа зорилтыг хэрэгжүүлэхэд удирдах ажилтнууд та бүхний үүрэг оролцоо чухал учраас салбарын нэгдсэн ойлголцолд хүрэхийг зорьж байна.

2024 оныг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлаж байна. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх ажилд та бүхнийг идэвх санаачлагатай оролцохыг хүсье.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэл нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт судалгааг хийх, иргэдийг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулах, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэнэ.

Бид Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхдагч хуультай болсон. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх үүднээс Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан төдийгүй ЭМДС-гийн үйлчлэх хүрээг өргөтгөж, лавлагаа шатны эрүүл мэндийн байгууллагуудад шинэ технологи нэвтрүүлэх зардлыг шийдэх эрх зүйн орчинг бүрдүүллээ.

Эмийн үнэ, чанартай холбоотой асуудал манай салбарын тулгамдсан асуудлын нэг. Энэ тал дээр чанарын ахиц гаргах чиглэлээр төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил үйлчилгээ худалдан авах хуулинд өөрчлөлт оруулж, эм эмнэлгийн хэрэгслийн тендерт хэмнэлтийн зарчим, бага үнийн санал үйлчлэхгүй, тендерийг чанар үнийн хосолмол шалгуураар дүгнэх цоо шинэ өөрчлөлтийг оруулсан” гээд зөвлөгөөнд оролцож буй ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскалантед Засгийн газрын болон эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын нэрийн өмнөөс тусгайлан талархал илэрхийлэв. Тэрбээр Засгийн газар, ЭМЯ-аас гаргаж байгаа бодлого зорилтуудыг хэрэгжүүлэхэд ДЭМБ ялангуяа Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар маш их дэмжлэг үзүүлж байгааг онцлон тэмдэглээд ДЭМБ-тай хамтран хэрэгжүүлж буй хүүхдийн хорт хавдрын 35 нэр төрлийн эмийг үнэ төлбөргүй олгох ажлыг дөрөвдүгээр сардаа багтаан хэрэгжүүлж эхэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Эрүүл монгол хүн” хөтөлбөр хэрэгжсэний үр дүнд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль эрх зүйн орчин бүрдсэнийг ч онцлон дурдлаа.

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин зөвлөгөөнд оролцогчдод Олон улсын эмч нарын баярын мэндийг дэвшүүлээд “Монгол Улсын Их Хурлаас хүн амд үзүүлэх анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, тусламж үйлчилгээнд төр, хувийн хэвшлийн оролцоог жигд хангах, эх орондоо чанартай оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх, эрүүл мэндийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эрүүл мэндийн салбарын төсөв, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах талаар байнга анхаарч ирсэн, цаашид ч анхаарлын төвд байх болно” гээд эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход баталсан хуулиудын ач холбогдол их гэдгийг тэмдэглэв.

Тэрбээр “Шинээр батлагдсан Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуульд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдын шууд удирдлагад ажиллуулах заалт оруулснаар салбар дундын хамтын ажиллагааг зохицуулах чухал эхлэл болж, анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас үндэсний түвшинд хүртэл нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог тодорхой болгосон нь тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, монгол хүний эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд ихээхэн тус болно гэж үзэж буйгаа хэлсэн.

Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан Монгол Улс дэлхий нийтэд тархсан цар тахлыг харьцангуй амжилттай даван туулсан улсуудын нэг болоход хамгийн чухал үүргийг нэр төртэй гүйцэтгэсэн эрүүл мэндийн салбарын хамт олонд талархал илэрхийлээд “Ковид-19 цар тахал бидэнд маш олон сургамжийг үлдээсэн. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ямар түвшинд байгааг харуулсан. Тиймээс эрүүл мэндийн салбарт томоохон хувь нэмрээ оруулж байгаа та бүхнийг эрүүл монгол хүнийг бий болгоход чин сэтгэлээсээ зүтгэж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте зөвлөгөөний оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Өнөөдрийн үйл ажиллагаанд ДЭМБ-ыг оролцуулж байгаад гүн талархал илэрхийлье. Эрүүл мэндийн сайдад УИХ болон ЕТГ-аас онцгой дэмжлэг үзүүлж байгаа нь тэр бүр тохиодоггүй үйл явдал гэдгийг онцолмоор байна. Тиймээс эрүүл мэндийн салбарын бүх ажилтнуудад энэ боломжийг бүрэн ашиглаасай, та бүхний ард ийм хүчтэй дэмжлэг байгаа шүү гэсэн итгэлээр ажлаа хийгээсэй гэж хүсэж байна” гэв.

Энэ удаагийн зөвлөгөөний үндсэн илтгэлийг “Эрүүл мэндийн шинэ сэргэлт” сэдвээр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тавилаа. Тэрбээр илтгэлдээ 2023 он эрүүл мэндийн салбарт үр өгөөжтэй, Тогтвортой хөгжлийн эрүүл мэндийн зорилгыг хэрэгжүүлэхэд нэг алхам ойртсон жил болж өнгөрснийг дурдаад эхийн эндэгдлийн түвшин сүүлийн 4 жилийн хугацаанд хамгийн бага үзүүлэлттэй буюу 100,000 амьд төрөлтөд 26.4 болж буурсан нь КОВИД-19 цар тахлын улмаас энэ чиглэлээр гарсан ухралтыг зогсоож, цартахлын өмнөх түвшинд хүргэж чадсан амжилт болсныг онцолж өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан.

Удирдах ажилтны зөвлөгөөний үдээс өмнөх хуралдааныг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд удирдаж ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Нийгмийн эрүүл мэнд тэргүүлэх чиглэл болох нь”, Бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг “Эрүүл мэндийн салбарын эрх зүйн зарим шинэчлэл, цахим шилжилт”, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга А.Өнөржаргал “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бодлогын хэрэгжилт” илтгэлүүдийг хэлэлцүүлсэн.

Үдээс хойших хуралдааныг Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат даргалж, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж “Процессын дахин инженерчлэл”, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Эрүүл мэндийн даатгалын шинэтгэлийн бодлого, хэрэгжилт”, Сангийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж “Үр дүнд суурилсан төсөвлөлт, гүйцэтгэлд үндэслэсэн санхүүжилт”, ЭМЯ-ны Салбарын хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Гэрэлмаа “Эрүүл мэндийн салбарын 2023 оны хяналт шалгалтын товч тайлан”, Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга С.Төгсдэлгэр “Эрүүл мэндийн байгууллагуудын 2023 оны гүйцэтгэлд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний танилцуулга” илтгэлийг тавилаа.

Илтгэл танилцуулгатай холбогдуулан зөвлөгөөнд оролцогчид асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.