ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Шинэ Төв цэвэрлэх байгууламжийг ирэх онд ашиглалтад оруулна

O.Admin
2024-04-05

БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Шэнь Миньжюан Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнтэй уулзах үеэрээ цар тахлын улмаас удааширсан “Ногоон нуур-1008” айлын орон сууцны төслийн энэ онд, шинэ цэвэрлэх байгууламжийн төслийг ирэх онд ашиглалтад оруулж хүлээлгэн өгөхөө мэдэгджээ.

Тодруулбал, энэ сарын 2-нд БХБ-ын сайд Ц.Даваасүрэн Элчин сайд  Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглээд Монгол Улсын барилгын салбарт БНХАУ-тай хамтран хэрэгжүүлж буй Ногоон нуур-1008 айлын орон сууцны хороолол барих, Шинэ төв цэвэрлэх байгууламж барих, дулааны эх үүсвэрийн дутагдалтай байдлыг шийдвэрлэх дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгсөн байна.

Хариуд нь Элчин сайд Шэнь Миньжюа өнгөрсөн жилүүдэд цар тахлын улмаас саатаж удааширсан Ногоон нуур-1008 айлын орон сууцны төслийг энэ онд, Шинэ Төв цэвэрлэх байгууламжийг ирэх онд ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөхөө илэрхийллээ. Төв цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлж, захидал солилцох асуудлыг яаралтай шийдвэрлүүлэн ажиллахаа мөн онцолсон байна.

Үүнээс гадна Хятад Улс мөн адил шинэ дагуул хотуудыг байгуулах замаар Бээжин хотын түгжрэл болон утааг шийдвэрлэж байгаа бөгөөд Монгол Улсын Шинэ Хархорум хотыг байгуулахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Тиймээс шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны удирдлагуудтай уулзаж, шинэ хотын талаар мэдээлэл авч ажилласан гэлээ.