Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “С.Зориг агсны хөшөөг хамгаалалтад авч, соёлын өвд бүртгүүлэх” чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгчээ.
Тэрээр “Ардчилсан хувьсгалын оюун санааны бэлгэдэл болсон энэ хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэн шилжүүлнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл юм. Сүхбаатарын талбайг хуваагаад авчихсан бүлэглэл С.Зориг агсны хөшөөнд ингэж хандсан. Үүнд гайхаад байх зүйл алга. Тэдний зорилго нь С.Зориг агсны хөшөөг олон нийтээс холдуулж, үйл хэргийг нь он цагийн урсгалд мартуулан бүдгэрүүлэхэд байгаа шүү.
Ердөө л үнэн нь илрэхээс үнхэлцгээ хагартал айсан гэмт хэрэгтнүүдийн нуугдмал сонирхол нь энэ. Лав намайг Ерөнхий сайд байхад энэ хөшөөг хаашаа ч хөдөлгөхгүй” гэсэн байна. Сануулахад, “Шинэ дэвшилт холбоо” НҮТББ-аас С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлэх хүсэлтийг “Зориг сан”-д хандаж гаргасан. Хүсэлтэд “Манай байгууллага тус хөшөөг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг бүрэн хариуцах болно” хэмээн бичжээ. Учир нь энэ сарын 9-нд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар цахим хуудастаа "С.Зориг агсны хөшөөний газрыг заржээ. Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж, газар дээр нь цамхаг барихаар санаархаж байна. Үр могой эхийгээ залгидаг шиг МоАХ-ноос улбаатай энэ байгууллага их л эелдгээр "Зориг сан"-д хөшөөг нүүлгэн шилжүүлж өгнө үү гэжээ. Лав л монгол хүний дотор хэзээ ч ийм атгаг шуналын сэдэл төрөхгүй. Монголын түүхэнд хар толбо болж үлдсэн цуст хэрэгт гэмгүй иргэдийг хэлмэгдүүлэн яллаж, ахуйн гэмт хэрэг болсон мэт ойлголт өгөхийг одоо болтол хичээсээр байгаа нь ойлгомжтой болсоор байна.
Монголыг хайрладаггүй нүгэлт хар гөрөөчний бүхэл бүтэн тролл арми байгааг өнөөдөр харлаа. Монголын ардчиллыг эднээс хамгаалах хэрэгтэй болжээ гэдгийг ч бас харлаа. Бид “Зоригтой”-гоо үлдэнэ" хэмээн бичсэн. Мөн үүнтэй холбоотой баримтыг ч цахим сүлжээнд гаргаж тавихаа мартсангүй. Дараахан нь С.Зориг агсны ах С.Баяр телевизэд ярилцлага өгөхдөө энэ талаар “Хөшөөг шилжүүлэх хэрэгтэй.
Энд барилга барих гэж байна гэсэн албан бичиг “Шинэ дэвшилт холбоо”-ноос бидэнд ирсэн. Өмнө нь бидэнд энэ талаар нарийн мэдээлэл байхгүй байсан юм. Гэхдээ энэ хөшөө нь олон түмний хандиваар боссон, олон түмэн очиж хүндэтгэл үзүүлдэг тул “Зориг сан”-гаас дангаараа шийдэх боломжгүй. Мөн хөшөө дурсгал хотын хамгаалалтад байдаг гэж бид ойлгож байгаа. Тэгэхээр хөшөөг шилжүүлэхээр бол хаана байрлуулах талаар хотоос асуусан. Дүүгийн маань хөшөө 26 жил байрласан энэ байрандаа байвал уг нь зүгээр" гэсэн байдаг. Тэгвэл Засгийн газрын шийдвэрээр С.Зориг агсны хөшөөг соёлын өвд бүртгэж, хамгаалалтад авахаар болж байна.
Т.САЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин