ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын дарга Г.Занданшатар Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа

O.Admin
2024-04-25

 “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын хурал 2 дахь жилдээ Тогтвортой хөгжлийн XVI зорилгын хүрээнд “Энх тайван, шударга ёс, хүчирхэг тогтуурьтай тогтолцоог цогцлоох” асуудлаар хуран чуулж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.04.25/ тус чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар, олон улсын төвшний аюулгүй байдлыг хангаж, энх тайвнаар зэрэгцэн оршиход Таны манлайлал чухал гэдгийг талархан илэрхийлж байна. Дэлхийн хэмжээний бэрхшээл сорилтууд буюу цаг уурын өөрчлөлт, эдийн засгийн хямрал, хүнс, эрчим хүчний хомсдол зэргийг шийдвэрлэхэд Эрхэм та дэлхийн лидерүүдийг чиглүүлж, идэвхжүүлж байгааг талархан дэмжиж байна. Анх таны удирдлага дор 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтуудыг 2015 онд санаачилж батлуулсан. Ер нь бол тогтвортой  хөгжлийг энхтайван оршихгүйгээр төсөөлөхгүй аргагүй юм. Тиймээс тулгамдсан асуудлаа  эрэмбэлж, анхаарал хандуулах нь чухал гэж үзсэн учраас энэ удаагийн тогтвортой хөгжлийн яриа хэлэлцээрийг тогтвортой хөгжлийн 16 дахь зорилт буюу энхтайван шударга ёс, тогтуурьтай тогтолцоо хэмээх сэдвийг сонголоо. Монгол Улсын хувьд хөгжлийн олон бэрхшээлтэй тулгарч байна. Ялангуяа монголчууд уур амьсгалын өөрчлөлт, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил зэрэгт анхаарал хандуулж, үр хүүхэд,  ирээдүйнхээ төлөө санаа тавьж байна. Энэхүү асуудлыг мөн тогтвортой хөгжлийн зорилтуудтайгаа уялдуулах шаардлагатай хэмээн үзэж байна гэв.

НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн Бан Ги Мүн, Таны удирдлага дор “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаад талархаж байна. Энэ жилийн чуулга уулзалтад өндөр төвшний төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Өөрөөр хэлбэл, өндөр төвшний төлөөлөгчид буюу шийдвэр гаргачид хамтран ажиллаж байж, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх боломж илүү нээгдэнэ. “Бан Ги Мүн” сан, Стэнфордын Их сургууль хамтран улс орнуудын удирдлагуудыг тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулахыг уриалан ажиллаж байна.

Таны чухал зүйлээ эрэмбэлж, энэ удаагийн тогтвортой хөгжлийн яриа хэлэлцээрийг тогтвортой хөгжлийн 16 дахь зорилт буюу энхтайван шударга ёс, тогтуурьтай тогтолцоо хэмээх сэдвийг сонгосон  санаачлага цагаа олсонд талархаж байна. Яагаад гэвэл тогтвортой хөгжлийн зорилтоосоо бид хоцорч явна. Зорилтынхоо 15-20 хувийг л биелүүлж байна. Тиймээс зорилтдоо бүрэн хүрэхэд бараг 50 жил шаардлагатай юм. Уур амьсгалын өөрчлөлтийг нэн тэргүүнд авч үзэх ёстой. Уур амьсгалын хямрал тохиоход бусад зорилтууд өртөж, тогтвортой хөгжилд маш том саад болно. Харамсалтай нь улс орнууд үүнд анхаарал хандуулах нь сул байна. Буурай улс орнууд боломж тааруу. Харин хөгжингүй орнууд илүү их харицлага үүрэх шаардлагатай юм. Дараагийн Алтай дамнасан чуулга уулзалтаар  энэхүү уур амьсгалын өөрчлөлт рүү чиглүүлэхийг хүсч байна гэв хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.