Ардчилсан намаас шударга сонгууль явуулах ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэг өчигдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр АН-ын дэд дарга болон тус ажлын хэсгийн ахлагч Ж.Баярмаатай ярилцлаа.
-Шударга сонгууль явуулах ажлын хэсэг байгуулсан юм байна. Сонгуулиар ямар зөрчил, гомдлууд их гардаг вэ?
-Монгол Улс парламентын найман сонгууль хийсэн. Гэвч энэ бүрээр элдэв зөрчил, булхай, луйврын талаар гомдол зөрчил тасардаггүй. Хар машинаас өмнө бол цахилгааныг нь салгаж байгаад саналын хуудсуудыг нэгээс нөгөөд бөөнөөр нь шилжүүлэх зэрэг зөрчил гардаг байсан. Харин орчин үед болохоор программ хангамжтай холбоотой зөрчлүүд их байна. Сүүлд хяналтын тооллого гэж хийсэн. Гэтэл хэвлэсэн мэт будсан 200 хуудас гарч байна гэх зэрэг программ хангамжтай холбоотой байгаа юм.
Өнгөрсөн 2020 оны сонгуулиар бие даагчдын орон нь таслалтай. Бусад хүмүүсийнх хэвийн байх жишээтэй. Мөн Баянгол дүүрэгт нэр дэвшигчийн нэр бүтэн 2-3 цаг алга болсон. Энэ мэт зөрчил шинээр бий болсон.
-Сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой гомдол бас их гардаг?
-Нэрсийн жагсаалт бол Иргэний бүртгэл мэдээллийн газарт байгаа үндсэн баазтай тулж байгаа эсэхийг хэн ч мэддэггүй. Шинээр үүсгэдэг. Жишээлбэл, 2020 онд хий хаяг бий болгосон.
-Тэр нь юу гэсэн үг вэ?
-Дөрвөн давхар байшинг таван давхар гээд тэр хий давхрынхаа тоотуудад хүмүүсийг бүртгэсэн. Улмаар шинэ иргэний үнэмлэх олгож, санал өгүүлсэн. Надад баримт нь бий.
-Иргэний үнэмлэхийг хуурамчаар үйлдсэн нь гэмт хэрэг юм биш үү?
-Хүн нь бол жинхэнэ. Гэхдээ хоёр иргэний үнэмлэхтэй учраас нэгийг нь хуурамч л гэж үзнэ. “Царцаа” гэдэг чинь энэ юм байна. Энэ нь бүр сүүлдээ их олон төрөл болсон. Бодит хүн олон газар очиж санал өгдөг. Мөн дээрх шиг виртуал ертөнцөд бараг үүсч байна. Эдгээр луйвар хэзээ ч зогсохгүй байгаа юм. Тиймээс манай ажлын хэсэг үүнийг л таслан зогсооё, багасгая гэж байгаа.
-СЕХ болон холбогдох газруудад баримтуудыг нь өгч болдоггүй юм уу?
-Өнгөрсөн 2020 онд булхай, луйврын тухай олон мэдээлэл, баримтуудыг улс төрийн намынхан цуглуулсан.
Гэвч түүнийгээ хаана, хэнд өгөхөө мэдэхгүй байсан учраас улс төрийн намууд нэгдээд ажлын хэсэг байгуулсан. Үүн дотор нь тухайн үеийн МАХН-ын дарга Н.Энхбаяр хүртэл орсон. Тэгээд зөрчил бүр дээр дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргаад ТЕГ, СЕХ, УБЕГ, Ерөнхий прокурор, тухайн үеийн Ерөнхийлөгчид хүртэл өгсөн. Харамсалтай нь ямар ч хариу байхгүй.
-Та бүхэн сонгогчдыг дарамталдаг тухай ярьж байсан. Үүнийгээ тайлбарлаач?
-Сонгогчийн боловсрол тааруу байна гэдэг чинь үүнтэй холбоотой. Яаж өргөдөл, гомдол гаргахаа ч мэдэхгүй. Сонгуулиа нууцаар өгөх эрхтэй гэдгээ ч мэдэхгүй байгаа болохоор өмнө нь мөнгө өгч, янз бүрийн халамжид хамруулчихдаг. Тэгээд яг сонгуулиа өгөх гээд ирэхээр нь хар машин хэнд өгч байгааг чинь мэднэ. Камер бичиж байгаа гэх зэргээр дарамталдаг.
-Танай ажлын хэсэг одоо ямар ажлууд хийх вэ?
-Өмнөх сонгуулиар улс төрийн намууд зохион байгуулалтад орж, ажлын хэсэг байгуулан маш их ажил хийсэн. Олон төрлийн зөрчил, мэдээлэл цуглуулаад дүгнэлт гаргачихсан. Тиймээс улс төрийн намуудаа дахин цуглуулж, холбогдох байгууллагуудад өгсөн материалуудынхаа араас явна. Ингээд зогсохгүй гарц, шийдлээ гаргана. Хуулийн төсөл боловсруулж, өөрчлөлт оруулах шаардлагатай бол яаралтай горимоор хэлэлцүүлнэ. Энэ бол эх орны ирээдүйтэй шууд холбоотой зүйл. Гэсэн хэдий ч бид дийлэх боломж тун хомс. Гэхдээ л чадлынхаа хэрээр сонгуулийн булхай, луйврыг засах, багасгах тал дээр ажиллана.
-Арай оройтож ажлаа эхлүүлж байгаа юм биш үү. Ямар нэгэн үр дүнд хүрч амжих уу?
-Амжихын төлөө л явна. Эрх баригчид нэн яаралтай горимоор хүний үг, үзэл бодлоо илэрхийлэхийг хорьсон хууль баталж байсан. Тийм болохоор эх орны хувь тавилантай холбоотой асуудлаар хууль хэлэлцэж болно гэж бодож байгаа.
-Энэ сонгуультай холбоотой мэдээлэл ирж байна уу?
-Ирж байгаа. Жишээлбэл, Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Ерөө суманд байдаг бүх ажилтнаа шилжүүлсэн. Ингэхдээ дургүйцсэн хүмүүсийг нь дарамталж таслан зогсоосон явдал гарсан. Мөн СХД-ээс Чингэлтэй дүүрэг рүү 10-аад мянган хүнийг автоматаар саяхан шилжүүлсэн.
-ЦХХХ-ны сайд тойргоо сольсонтой холбоотой гэж үзэж болох уу?
-Тийм гэж хардаж байна. Шууд автоматаар шилжүүлсэн. Бид хамтрахгүй л бол аалзны тор шиг хэрсэн зүйлтэй тэмцэж дийлэхгүй. Ер нь ардчиллын хамгийн гол суурь, үнэт зүйл нь чөлөөт сонгууль байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд манайх ардчиллаас дандаа ухарч байгаа. шүүх нь хараат байна гээд дүгнэгдчихсэн. Хэвлэлийн эрх чөлөө, хүний эрх байхгүй гэж дүгнэсэн байна. Гадаадын зээл тусламж аваад хариу тайлагнадаггүй. Энэ мэт асар олон зүйлийг дүгнээд 21 байраар ухраасан. Сонгууль шударга явагддаг эсэх гээд бас том ангилал байгаа. Би өөрөө яг үүнийг судалдаг хүн. Гэтэл үүнийг эрх баригчид хуураад шударга явагдаж байгаа мэтээр хэлдэг. Тэгэхээр нь олон улсын байгууллагууд нотлох баримт нэхдэг ч эрх баригчид гаргаж өгдөггүй. Гадныхан нотлох баримт байхгүй учраас шударга бус сонгууль явдаг гэж хэлж чаддаггүй юм байна.
Харин энэ задраад нотлох баримтын хүрээнд шударга бус сонгууль явдаг гээд зарлачихвал гажуудсан ардчилал гэсэн ангиллаасаа бид унаад сонгуульчлагдсан авториторизм гэсэн байдал руу шилжинэ. Ингэвэл олон улсуудын хамтын ажиллагаа, зээл тусламж гээд олон зүйлд асар хортой.
Эх сурвалж: Өдрийн сонин
ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ