ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багт талархал илэрхийлэв

O.Admin
2024-05-15

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.

Хоккейн үндэсний шигшээ баг 2024 оны дөрөвдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд Кувейт Улсад болсон Хоккейн дэлхийн аварга шалгаруулах IV дивизионы тэмцээнээс алтан медаль хүртсэн. Мөн залуучуудын шигшээ баг 2024 оны дөрөвдүгээр сарын 21-30-ны өдрүүдэд Узбекистан Улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын хоккейн холбооны удирдлага болон Үндэсний шигшээ багийн багш, дасгалжуулагч нарт баяр хүргэж, тив, дэлхийн  тавцанд Төрийн далбаагаа мандуулсанд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Цаашид бэлтгэл сургуулилтаа чанартай хийж, зохион байгуулалтаа сайжруулан амжилтаа ахиулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.