ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ардын нам үнсэлт, тэврэлтээс ангижирлаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-09-24

Нийслэлийн МАН-ынхан өнгөрөгч баасан гарагт албан ёсны даргатай болов. Нийслэлийн МАН-ын хороог 2016 оны сонгуулийн дараа удирдаж байсан Ц.Сандуй 60 тэрбумын хэрэгт холбогдож, өнгөрөгч есдүгээр сард ажлаа өгснөөр үүрэг гүйцэтгэгч даргатай бүтэн жил болсон байдаг. Энэ хугацаанд их л олон зүйл болжээ. Хэд хэдэн удаа хурлаа зарлах гэж оролдсон ч бүтэлгүйтлээ. Хоорондын зөрчил нь туйлдаа хүрч, “хор найруулах” ажил хийж үзлээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн есөн дүүргийн намын хороо, 152 үүрийн гишүүдээс бүрдүүлэх учиртай 369 квотоос 69-ыг нь “хулгайлж”, дарга нарт зориулж квот бэлтгэх тохироо явсан ч бүтэлгүйтэж байлаа.

Энэ мэтээр нэг жилийн хугацаанд хагарч бутарч, харлуулж, муулж зөрчилдсөөр жинхэнэ даргаа сонгожээ, тэд. Зөрчил ингээд дуусчихгүй байх. Учир нь пүрэв гарагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, хотын мээр Су.Батболдыг Нийслэлийн МАН-ын даргаар сонгохоор тохироо хийгээд байв. Харин эртнээс энэ албан тушаалд яригдсан ч өрсөлдөнө гэдгээ ил тод зарлаж, өрсөлдөгчөө харлуулах гэж давхихгүй зангараг зааж суусан Д.Сумъяабазарыг 34 дүгээр Бага хурлын үеэр заалнаас нэр дэвшүүлж оруулж ирсэн юм. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан түүний нэрийг дэвшүүлсэн бөгөөд 359 төлөөлөгчийн санал хураалт баасан гарагийн шөнөөр үргэлжилж, бямба гарагийн үүрээр дүнгээ гаргажээ.

Ингэснээр Удирдах зөвлөлийн “урилгатай” Су.Батболд нэг ч хүрэхгүй хувийн саналаар буюу гурван хүний саналаар ялагдал амсав. Дээгүүрээ тохироогоо хийсэн ч хөлөө бэлтгэж чадаагүй, эгэл гишүүдээ үл тоосныхоо горыг хангалттай амслаа. Хотын фракцийн толгойлогч М.Энхболд 1999 оноос хотын даргын суудалд очсоноос хойш үндсэндээ нийслэлийн хувь заяа энэ фракцийн гарт ороод байсан юм.

Намаа ч тэд ээлжлэн удирдаж, орны хүнээ томилдог бичигдээгүй хуультай байлаа. Харин 34 дүгээр бага хурлаар хотын фракцийн олон жилийн ноёрхлыг, угсаа залгамжилдаг ураг төрлийн томилгоог тасалж чадлаа. 24 цагаар үргэлжилсэн хурлын хамгийн том үр дүн энэ байв. Нөгөөтэйгүүр, энэ удаагийн хурал илүү ширүүн уур амьсгалтай өрнөжээ. Гаднаа баривчилгаатай, дотроо нанчилдаантай болов.

Нийслэл хотод 60 тэрбумын схемийг цэцэглүүлсэн хотын фракцийг эсэргүүцэж, үзэл бодлоо илэр­хийлсэн Х.Бат-Ялалт нарын ир­гэдийг 100 гаруй цагдаагийн хү­чээр хүчээр тарааж, баривчилгаа хийх гэж оролдлоо. Ардчилсан Монгол Улсад иргэн хүн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй болс­ныг энэ үйл явдал нотлох шиг. Мөн мандатын маргаан ч цөөнгүй гарч, хуралд мандатгүй орж ирсэн төлөө­лөгч­дийг албадан гаргаж, хурлыг удирдаж байсан Нийслэлийн МАН-ын дарга асан Г.Мөнхбаяр багагүй эсэргүүцэлтэй тулгарч, жирийн гишүүд нь “шударга бай, шударга бай” хэмээн орилол­дож байлаа.

Нөгөөтэйгүүр, “Ноц­той мэдээ” сонины тусгай дугаа­рыг 369 төлөөлөгчид тараах гэж оролд­сон тус сонины Ерөнхий эрх­лэгч Б.Галсансүхийг баривчлав. Тус сонины тэргүүн нүүрэнд “60 тэр­бумын схемийн “Загалмайлсан эцэг” Ц.Сандуй гэж хэн бэ”, “Хятад ламд мөргөж буй хурлын дарга хөөрхий” зэрэг нийтлэл хэвлэгдсэн нь төлөөлөгчдийн үзэл бодолд нө­лөө­лөх гэсэн, намын гишүүдийн нэр хүн­дэд халдсан гүтгэлгийн шинжтэй гэж үзсэн учраас эрхлэгчийг нь барив­чилж, сонинг тараалгаагүй юм.

Удир­дах зөвлөлөөс санал авч орж ир­сэн Су.Батболд 152 үүрийн дар­га нар­таа байр амлажээ, түүнийг дэм­жиг­чид хурлаа орхин гарлаа гэх мэ­тээр 90 гаруй жилийн түүхэнд нь болж байгаагүй үймээн, шуугиантай ху­рал болох нь тэр. МАН ингэтлээ зөр­чилдөж, дотоод ардчилалтай болно гэж хэн санах билээ.

Хайрцагласан бодлогоор хурлаа хийж, нижигнэсэн алга ташилт, нялуурсан үнсэлт, тавилттай жүжиглэлтээр хурлаа хийдэг эрх баригч нам энэ удаад сөрөг хүчин шигээ дотоод ардчиллаа харуулав. Ардын нам одоо л үнсэлт, тэврэлтээс ангижирлаа. Цаашдаа ийм хурал тун цөөхнийг харах биз. Нэг талаас харвал МАН хагарч бутарснаа бүх талаар харуулчихлаа гэж дүгнэж болно. Нөгөө талаас харвал МАН шинэчлэгдэж байгаа юм байна.

Т.Бадамжунай, М.Энхболд, Н.Багабанди тэргүүтэй цөөхөн хэдхэн улстөрчдийн гарт олон жил “тийчилсэн”, дотроо тэмцэлдсэн ч гаргаж чадахгүй явж байсан залуус одоо л тэсэрч эхлэв. Нэгдэж, тэмцэж чадвал хотын фракцийн хязгааргүй ноёрхолд цэг тавьж чадна гэдгээ мэдэрч эхэлжээ. Төв намын даргын томилгоонд залуус эхний ялалтаа авсан. Одоо Нийслэлийн МАН-ыг гартаа оруулж хоёр дахь том ялалтаа авлаа.

Аалзны тор шиг сүлжсэн фракцийн хүчийг аажим, аажмаар сулруулж чадаж байна. Үүнээс илүү шинэчлэл гэж юу байх билээ. Нам нь шинэчлэгдэж, дотооддоо эрс шинэчлэл хийх нь ээ гэсэн итгэл ч 34 дүгээр хурлын үеэр олон гишүүдэд нь төрсөн биз ээ. Ардчилсан нам л дотроо тэмцэлдэж, хурал дээрээ зодолдож, хэвлэл мэдээллээр нэгнээ гүтгэж доромжилдог байсансан. Энэ нь АН-ыг илүү амьд байлгадаг, бас илүү хөдөлгөөнтэй болгодог. Харин 90 гаруй жил төрийн эрхэнд суухдаа тоотой хэдхэн улстөрчийг товойлгож, цөөхөн хэдхэн фракцийн хязгааргүй эрх мэдэлд хүргэж байсан МАН нам шиг нам болох гэж ийнхүү зүтгэж байна. Энэ тэмцэл нь буруугаар битгий эргээсэй.

Намаа шинэчилж, бугшсан идээ бээрээ шахаасай гэх хүлээлт, хүсэлт мянга мянган жирийн гишүүдэд нь байгаа нь тодорхой. Нийслэлийн МАН нь энэ хурлаар бүрэн утгаараа шинэчлэгдлээ. Тодруулбал, орон тооны нэг, орон тооны бус зургаан дэд даргатай байхаар тогтжээ. Нийслэлийн МАН-ын дэд даргаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Н.Алтаншагай,  харин орон тооны бус дэд даргаар Б.Мөнхбаатар, О.Одбаяр, Ж.Батбаясгалан, Г.Төмөр­баатар, УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Нямбаатар нарын нэрийг дэвшүүлж, баталсан байна.

Эдгээр залуус дандаа шинэчлэл, өөрчлөлт хүсч байсан. Харин нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчээр намын дүрмийн дагуу намын хорооны дарга, дэд дарга, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Хотын дарга С.Батболд, НАМЗХ, НАЭХ, Ахмадын холбооны дарга нар, Баянгол дүүргийн намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Сүхбаатар дүүргийн намын хорооны дарга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Чингэлтэй дүүргийн намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Ганболд, Сонгинохайрхан дүүргээс НИТХ-ын төлөөлөгч М.Мөнхжаргал Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалан, Багахангай дүүргийн ИТХ-ын хурлын дарга Б.Батнасан, Налайх дүүргийн төлөөлөгч Б.Сэмжидмаа нарыг тэргүүлэгчээр томилжээ.