Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн манай улсад хийсэн төрийн айлчлал өнөөдөр өндөрлөлөө.
Хоёр улсын төрийн тэргүүн нар өнөөдөр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтыг даван туулах хүч чармайлтад хувь нэмрээ оруулахыг бэлгэдэж "Монгол соёлын парк" цогцолборт дурсгалын мод тарьсан байна. Түүнчлэн Ерөнхийлөгч А.Г.Лукашенко мөн “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар”-т зочлох үеэрээ нүүдэлчин ахуй, зан заншлын талаар танилцан, морьт харваа, ардын урлагийн тоглолтын дээжээс толилуулсан бэсрэг наадам үзэж сонирхов.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манай улсад айлчилсан Беларусийн төрийн тэргүүнд хос морь бэлэглэсэн байна. Харин Беларусийн ерөнхийлөгч А.Г.Лукашенко хоёр өөр загварын "Беларусь" тракторыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бэлэглэжээ. БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког "Чингис хаан" олон улсын нисэх буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник болон албаны бусад төлөөлөгч үдэн мордууллаа.