ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Мөнхнасан: Хэний захиалгаар юу болоод байгааг бид мэдэж байгаа

O.Admin
2024-06-06

АТГ-аас тавдугаар сарын 28-нд  Ц.Гарамжавыг  шүүхийн зөвшөөрөлгүй, хойшлуулшгүйгээр 48 хугацаатай баривчлан, сулласан билээ.

Түүнийг Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан, мөнгө угаасан, гадаад улсад үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар авсан, өөртөө давуу байдал үүсгэн тусгай зөвшөөрөл авсан байж болзошгүй хэмээн саатуулжээ. Мөн тусгай зөвшөөрөл авахдаа Эрүүгийн хуульд заасан, өөр гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, АТГ-аас саатуулсан юм.

Харин түүний охин, Монполимет группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан групп компаниудын данснуудыг хаасан байгаа талаар өөрийн сошиалд мэдээлжээ.

Тэрбээр “Айлган сүрдүүлэг, нэгжлэг хийхээр 50-60 том биетэй залуус өнгөрсөн мягмар гарагийн шөнө гэнэт бидний бүх гэр орон, оффис, нярай хүүхэдтэй ажилчдын маань байр орон сууц руу дайрч орж, айлган цочирдуулсаныг хэний захиалгаар юу болоод байгааг бид мэдэж байгаа. Энэ жижигхэн хүрээнд ямар ч нууц удаан тэсдэггүй. Энэ бол аливаа нэг намын улс төрийн захиалга биш! Засгийн газар ч биш. Бие муутай эмэгтэй дүүг маань хүртэл баривчлана гэж уйлуулж айлгаж одоо болтол шокноос гараагүй байна. Ихэнх ажилтнууд маань эмэгтэйчүүд учраас маш их дээрэлхэж зарим нэгийх нь гарыг мушгиж цагдаад эргэж хандахаар хүч хэрэглэсэн байна.

Бидний гэрээс хаа намаагүй ухаж түнхэж авч явсан зүйлс дотор нь ХБ-ны зээлтэй ямар ч холбоогүй хүний хувийн дэвтэр ном, гэр бүлийн хувийн зураг хөрөг, хүүхдүүдийн маань бичлэг, өсвөр насны охидуудын маань хөтөлдөг өдөр тутмынх нь хувийн тэмдэглэлийн дэвтэрүүд, хүүд маань хүмүүсийн өгсөн хадгалаад тавьсан хадаг задгай мөнгөнүүд гэх мэт нарийн нандин гэсэн бүх зүйлсийг маань аваад явсан байна.

Бид зээлээ бүрэн төлөөд дууссан. Бодлогын алдаанаас үүссэн ханшийн алдагдлыг бүрэн хүлээж 126 тэрбум төгрөгийн зээл аваад 260 тэрбум болгож санхүүгийн ашигтай хааж, салбартаа томоохон бүтээн байгуулалт хийж хөдөө орон нутагт мянган ажлын байр бий болгосон. Одоогийн байдлаар компанийн маань бүх данснуудыг ямар ч мэдэгдэлгүйгээр хааж, хаа хамаагүй манай гэр бүлийн гишүүд болон хэрэгт хамааралгүй компаниудийн данснуудыг хүртэл хааж үлдэгдэл нь нойлолсон байна. Тосон үйлдвэрийн үйл ажиллагааг Хөгжлийн банкны зээлтэй холбогдуулж бүрэн зогсоолоо. Ийм улаан цайм дээрэм, хүчирхийлэл, дарамт, дарангуйлал ардчилсан нийгэмд хэзээ ч байж болохгүй!” гэсэн байна.