ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Орос, Монгол, Хятад гурван улсын гадаад харилцааны сайд нар уулзжээ

O.Admin
2024-07-04

Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо 2024 оны долдугаар сарын 3-4-ны өдрүүдэд зохиогдож буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И нар гурван улсын Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг хийв.

Гурван улсын төрийн тэргүүн нарын нэгдсэн ойлголцолд хүрсэн ажлуудлыг үргэлжлүүлэн идэвхтэй урагшлуулахаа Гадаад хэргийн сайд нар дахин нотолж, Монгол, Орос, Хятадын эдийн засгийн хөтөлбөрийн хэрэгжүүлэлтийг эрчимжүүлэх талаар хэлэлцэж, эрчим хүч, байгаль орчин, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцжээ.

Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийг амжилттай зохион байгуулсанд Орос, Хятадын Гадаад хэргийн сайд нар баяр хүргэж, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх чиглэлд хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Олон улс, бүс нутгийн харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцжээ.