ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж үүрэгт ажилдаа орлоо

O.Admin
2024-07-09

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон Б.Баасандорж үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Ерөнхий нарийн бичгийн дарга нарын ажлыг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хүлээлцүүлэхдээ, таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй шинэ парламент бүрдсэн энэ үед УИХ-ын Тамгын газрын үүрэг, хариуцлага улам нэмэгдэж буйг онцлоод, УИХ-ын гал тогоо болсон Тамгын газар хэрхэн ажиллахаас УИХ-ын нэр хүнд шалтгаалдаг хэмээн тодотгосон юм.

Тэрбээр, өнгөрсөн хугацаанд УИХ-ын Тамгын газар хууль, эрх зүйн олон шинэчлэлийг манлайлан ажилласныг тэмдэглээд, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг нэр хүндтэй хашиж ирсэн доктор Д.Энхбатад талархал илэрхийл, цаашдын ажилд нь амжилт хүсжээ. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Д.Энхбат УИХ-ын тамгыг гардуулан өгөхдөө, Төрийн алба залгамж халаатай. Энэхүү нэр хүндтэй албыг хууль зүйн өндөр мэргэшилтэй, төрийн албаны удирдах ажлын туршлагатай, УИХ-ын Тамгын газарт ажиллаж байсан хүн хаших болсонд баяртай байна хэмээгээд ажлын амжилт хүсэв.

УИХ-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, нэгэн үеийн оюутан, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт мөр зэрэгцэн ажиллаж байсан журмын андаасаа энэ тамгыг гардан авч буйдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, эхлүүлсэн ажил, шинэчлэлийг нь амжилттай үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлснийг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.