УИХ-ын анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Ерөнхий сайд хуулийн төслийг танилцуулсны дараа УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: УИХ-ын сонгуулийн үр дүн гарсан. Нэг хэсэг нь хамтрах ёстой. Яагаад гэвэл гээд их олон үндэслэл хэлж байгаа. Бас нэг хэсэг нь хамтрахгүй байх ёстой. Яагаад гэвэл гээд олон үндэслэл хэлж байна. Миний хувьд хамтрахгүй байх ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байна. Намын бодлого шийдвэр гарсан учраас биелүүлээд явна. Ер нь, яагаад хамтрахгүй байх ёстой вэ гэхээр хамтрал боллоо гэхэд 68 дээр 42, дээр нь найм гээд 118 гишүүн нэг талдаа гарах нь ээ. Парламентын 94 хувь ялсан, ялагдсан нийлээд нэг талдаа гарах юм байна. Өнөөдрийн 126 гишүүнтэй парламент чинь нөгөө ажил олгогчийнх нь төлөөлөл эрх баригч болоод суучихсан, ажилтных нь төлөөлөл болох үйлдвэрчний эвлэл ороод суучихсан. Тэгэхээр энэ нийгэмд чинь ялгаатай байр суурь, ард түмний сонголтууд нь хааччихсан юм бэ. Нөгөө иргэний нийгэм, төр засаг бүх юм байхгүй болоод нэг талдаа гарах чинь яг үнэндээ ардчиллын зарчим мөн юм уу, биш юм уу гэдэгт би эргэлзэж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Би үүнийг л яриад байгаа юм л даа. Хувь хүний улс төрийн тоглолтоос институцын соёлд шилжих нь Монгол Улсад чухал байна. Уг нь, миний ойлгож байгаагаар та бол Ардчилсан намын бүлгийн дарга хүн. Бүлгийн дарга хүн бол намаа төлөөлж, намынхаа чиглэл дээр намынхаа хүсэл эрмэлзлийн нийлбэр байх ёстой. Хувь хүний хувьд “даанч нам ингэчихлээ” гэдэг тоглолт сонгодог парламентын засаглалтай аль ч улсад байдаггүй л дээ. Манайх харамсалтай нь ингэж яваад ирсэн. Миний бодлоор Ардчилсан нам төлөөллийн төв байгууллагаараа шийдвэр гаргасан гэж ойлгож байгаа. МАН ч, ХҮН ч төлөөллийн төв байгууллагаараа шийдвэр гаргасан.