ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төсвийн байнгын хорооны даргаар Ц.Даваасүрэнг дэмжлээ

O.Admin
2024-07-10

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. 

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн даргалав. Ц.Даваасүрэн нь 1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1989 онд ЗХУ-ын Харьков хотын Политехникийн дээд сургууль, 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтыг бизнесийн удирдлагийн менежер мэргэжлээр, 1998 онд Япон улсын Сайтомогийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

1989-1992 онд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженер, 1995-1999 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэн, 1999-2000 онд Сангийн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга,1999 онд Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, 2000-2005 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга, 2005-2008 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү эдийн засгийн газрын дарга, 2005 онд Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн зөвлөх, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2009-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012-2014 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд, 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2023 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд, 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.

Нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин Төсвийн байнгын хорооны хуульд заасан эрх, үүргийн хүрээнд ашиг сонирхлоос ангид байж чадах эсэхийг тодруулж, хариулт авлаа. Ингээд Төсвийн байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнг нэр дэвшүүлэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.