Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд НҮБ-ын байранд зочилж, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Цог Жавхлант Хааныг Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн нар угтав. НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудын Монгол Улсад явуулж буй үйл ажиллагааны талаар танилцуулаад НҮБ-ын энхтайван, хөгжил дэвшлийн үйлсэд Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлэв.
Үүний дараа Бутаны Цог Жавхлант Хаан ДГХБООУСТ-д зочилж, далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй хүндрэл бэрхшээл, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов. Тэрбээр Монгол Улс болон Бутаны Хаант Улс нь далайд гарцгүй орнуудын хувьд хөгжлийн туршлагаасаа хуваалцахын чухлыг тэмдэглээд Бутаны Хаант Улсын зүгээс тус төвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн Бутаны Хаант Улс нь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах олон талт хэлэлцээрт нэгдэн орсон тус байгууллагын идэвхтэй гишүүн орон гэдгийг онцлоод, цаашид үргэлжлүүлэн нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв.
Далайд гарцгүй хөгжиж буй орнууд дэлхийн хүн амын 7 хувь, газар нутгийн 22 хувийг эзэлдэг байна.