ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

БНСВУ-ын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ

O.Admin
2024-07-16

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам баярын мэндчилгээ дэвшүүллээ.

МЭНДЧИЛГЭЭНД:

“Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Вьетнамын төр, ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд болон танаар уламжлан Монголын ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Монгол Улсын төр, ард түмэн улс орноо хөгжүүлэн цэцэглүүлэх их үйлсэд улам их амжилт гарган, ард түмэн нь аз жаргалтай байж, улс орон нь цэцэглэн хөгжиж, “Шинэ сэргэлтийн бодлого” болон “2021-2025 оны Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөө”-нд тусгасан зорилтуудаа амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа өнгөрсөн 70 жилийн хугацаанд тасралтгүй бэхжин хөгжиж, сүүлийн жилүүдэд олон бодит үр дүн, амжилтанд хүрч байгаад баяртай байна.

Цаашид харилцаа, хамтын ажиллагаа хоёр орны ард түмний нийтлэг эрх ашигт нийцэн улам бүр өргөжин хөгжиж, дэлхий болон бүс нутгийн энх тайван, хамтын ажиллагаа, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.