Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй “Солонго-1”, “Солонго-2”, “Залуус-1”, “Эко Яармаг” орон сууцны хороолол барих төслүүдийн ажлын явцтай ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Төмөрхүү, сайдын зөвлөх Д.Баярсайхан, О.Амартүвшин, Монголын ипотекийн корпорацийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга нар өчигдөр /2024.10.15/ танилцлаа.
Төслийн хэрэгжилтийг танилцуулах үйл ажиллагаанд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбулган, “Солонго-1”, “Солонго-2” төслийн ерөнхий гүйцэтгэгч “Колон Глобал” корпораци, “Мүүён Си Эм” ХХК-ийн Төлөөний газар, “Интеллект Тауэр” ХХК, “Гранд Слаб Инвест” ХХК, “Залуус-1”, “Эко Яармаг-1” төслийн гүйцэтгэгчид болон албаны бусад хүмүүс оролцов.
Дээрх төслүүд нь Монгол Улсын Засгийн газраас баримталж буй тэргүүлэх зорилтууд болох иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах, агаар, орчны бохирдлыг бууруулах, иргэдийг ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чухал ач холбогдол үзүүлэх юм.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Солонго-1, Солонго-2 орон сууцны хороолол барих” төсөл хэрэгжүүлэгч нэгжээр “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК ажиллаж байгаа бөгөөд төслийн гүйцэтгэгчээр БНСУ-ын “Колон Глобал” корпораци шалгарч БХБЯ-тай гэрээ байгуулан барилга угсралтын ажлыг 2024 оны 03 дугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлснээр өнөөдрийн байдлаар ажлын явц 20.65 хувийн гүйцэтгэлтэй байна.
Харин “Залуус 1” төслийн эхний ээлжийн гадна инженерийн дэд бүтцийн ажил болох дулаан хангамж, цахилгаан хангамж, хонгилын систем, цэвэр бохир усан хангамжийн ажлуудын явц 75 хувийн гүйцэтгэлтэй байна.
Мөн “Эко Яармаг-1” төслийн гүйцэтгэгчээр “Түм арвижих” ХХК, “Улаанбаатар авто зам, барилга констракшн” ХХК-ийн Түншлэл хооронд байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэж байгаа бөгөөд гэрээний 75 хувь нь хэрэгжээгүй төдийгүй ажил удааширалтай байгаа талаар тус тус танилцууллаа.
ХББОСЯ-ны удирдлагууд төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, ажлын явцыг эрчимжүүлж, тулгамдсан асуудлыг тухай бүрт нь хамтран шийдвэрлэх талаар зөвшилцөж, санал солилцлоо.