БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн хурандаа Т.Уламбаяр захирагчтай XIII ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн энхийг сахиулах хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргээ амжилттай гүйцэтгэж хурандаа Д.Эрдэнэбилэг захирагчтай XIV ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд халаагаа өглөө.
Ээлж хүлээлцүүлэх үйл ажиллагаанд ЗХЖШ-ын БСТГ-ын дарга бригадын генерал С.Ванчинхүү тэргүүтэй Батлан хамгаалахын сайдын тушаалаар томилогдсон комиссын гишүүд болон “UNMISS” ажиллагааны Юнити мужийн ерөнхий зохицуулагч Стелла Поласада Абаёоми, Юнити секторын командлагч бригадын генерал Виллиам Ряараса, Юнити секторын штабын офицерууд, “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн багуудын удирдлагууд оролцлоо.
Энэ үеэр бригадын генерал C.Ванчинхүү хэлсэн үгэндээ XIII ээлжийн мотобуудлагын батальоны нийт бие бүрэлдэхүүн нь НҮБ болон орон нутгийн ард иргэд хоорондын харилцан итгэлцлийг бэхжүүлэх, НҮБ-ын үйл ажиллагааг эергээр сурталчлан таниулах олон ажил, арга хэмжээг зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлэн Монгол Улс, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөж үүргээ амжилттай гүйцэтгэсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, эх орон, элгэн садантайгаа эрүүл энх, учран золгохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлсний зэрэгцээ XIV ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн нь өмнөх цэргийн багуудын бүтээсэн ололт амжилт, нэр хүндийг улам бататгаж мандатаар хүлээсэн үүргээ мадаггүй гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Батлан хамгаалахын сайдын тушаалаар томилогдсон ээлж хүлээлцүүлэх комисс 10 хоногийн хугацаанд “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальонд ажиллаж баазуудын өдөр тутмын үйл ажиллагаа, үндсэн үүрэг гүйцэтгэлт, бэлэн байдал, материал хэрэгслийн хангалтын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, шийдвэрлэх шаардлагатай зарим зүйлсийг тодотгосны зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Тусгай төлөөлөгч (SRSG) болон "UNMISS" энхийг сахиулах ажиллагааны Хүчний командлагч (FC) тэргүүтэй холбогдох албаны хүмүүстэй уулзалт зохион байгуулж цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, энхийг сахиулагчдад тулгамдаж буй зарим асуудлуудыг шийдвэрлэж, хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 890 гаруй цэргийн алба хаагч НҮБ-ын энхийг сахиулах долоон ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй бөгөөд үүний дийлэнх хувийг БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй бие бүрэлдэхүүн эзэлж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 22 мянга орчим цэргийн алба хаагч дайны хөлд сүйдэж, хүмүүнлэгийн хямралд нэрвэгдсэн дэлхийн 10 гаруй орны энгийн ард, иргэд, дүрвэгсдэд шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлж, аюулгүй байдлыг нь сахин хамгаалах үүргээ нэр төртэй гүйцэтгэсний үр дүнд өдгөө Монгол Улс НҮБ-д цэрэг илгээгч 121 орноос 19 дүгээрт эрэмбэлэгдэж байна.