ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ТАНИЛЦ: Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан УИХ-ын гишүүдийн илэрхийлсэн байр суурь

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2024-11-21

УИХ-аас баталсан 3.6 их наядын алдагдалтай 2025 оны төсвийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьж буйгаа мэдэгдсэн билээ. Тэгвэл уг хоригтой холбогдуулан УИХ-ын гишүүд ч байр сууриа илэрхийлж эхэлсэн бөгөөд зөвшилцөөд, үр дүн үзээд, алдаагаа засаад явах нь зөв хэмээн байр сууриа илэрхийлж байна. Тэдний зарим төлөөллийн үгийг уншигч танд хүргэе. 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Ерөнхийлөгчийн хоригийг Засгийн газар, УИХ хүлээж авч, алдагдалгүй төсөв батлах ёстой. Гадаад томилолтын зардал, соёлын яамны ваучер зэргийг хассан ч хувь хэмжээ бага. Төсвийн нэг төгрөгийг ч үр ашигтай болгохын тулд салбар салбарын амбицыг дагасан зардлуудыг танана. 1.2 их наядын таналт хийж байж, алдагдалгүй төсөв батлах боломжтой. Уриалгахан хүлээж авч байна. Хэлэлцээд цаашаа явна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа. Төсөв баталсан УИХ-ын чуулганы хуралдааны бичлэг, тэмдэглэлийг авах хүсэлт УИХ-ын Тамгын газарт хүргүүлээд 10 хоносон ч гаргаж өгсөнгүй. Олон нийтэд нээлттэй мэдээллийг шаардаад ч гаргаж өгөхгүй байгаагийн учиг юу байна. Гар санал хураалтаар УИХ-ын дарга “нүдээрээ” тоолж баталсан Төсвийн хууль ингэхэд хуульд заасан яг гишүүдийн ирц, оролцоотой “батлагдсан” уу. Батлахдаа доторх тоо нь яг мөн үү, хэн нэгэн засвар хийсэн үү гэх мэт асуултад хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхгүй болно.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

-2025 оны төсвийн тухай хуульд зарчмын шаардлага тавьж, УИХ болон Засгийн газарт “төсвийн тодотгол” хийх эрх зүйн боломжийг бүрдүүлсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд талархснаа илэрхийлье. УИХ, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, иргэдийн хүсэл, улс орны эрх ашгийг харгалзан төсвийн зардлыг бууруулна гэдэгт итгэлтэй байна. Төрийн байгууллагуудын бүтээмжийг нэмэгдүүлж, тэвчиж болох зардлуудыг танан, төсвийн ил тод байдал, төлөвлөлтийг сайжруулснаар иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг бууруулж, тэдгээрийн бодит орлого, санхүүгийн чадавхийг сайжруулах бүрэн боломж байгаа.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Төсвийн сахилга батыг чангатгах, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцүүлэн төсвийн зардлыг бууруулах үүднээс Төсвийн төслийг Засгийн газарт буцаах саналыг хүргэсэн. Энэхүү санал маань төсөв батлагдахад төсөвт тодотгол хийхээр УИХ баталсан бол өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа. Ерөнхийлөгч танд талархал илэрхийлье.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-УИХ-аас баталсан төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зөв. Ер нь цаашдаа өндөр байгаа татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг бид бууруулмаар байна. Тэгж байж энэ эдийн засаг тэлнэ. Төсөв бүрдүүлж буй иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ нурууг тэнийлгэж, үйл ажиллагаагаа тэлэх, амьдрал ахуйгаа сайжруулах боломжийг олгох төсөв байх ёстой. Тэгэхийн тулд 3.6 их наядыг танах ёстой!

УИХ-ын гишүүн Б.Түвшин:

-Ерөнхийлөгч 2025 оны төсөвт хориг тавьсанд туйлын их баяртай байна. Монгол төр үнэхээр ард түмнийхээ үгийг сонсож, эдийн засгаа боддог юм байна.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

-Монгол Улсын Ерөнхийлөгч данхар төсөвт хориг тавилаа. Баярлалаа,У.Хүрэлсүх танд. Хоёрдугаар хэлэлцүүлгээс хойш газар үгүй мэт тайлбарлаж гүрийсээр “Засгийн газар буцаагаад татчих аа” гэсэн бидний шаардлагыг хүлээн аваагүй. Аргаа бараад “амьдрал баян, Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавибал яах вэ” гэж мөн ч их хэлсэн дээ. Гишүүдээ эс тоосон ч Ерөнхийлөгчийн хоригийг эрх биш УИХ маань хүлээн авах байх. Хамгийн гол нь үр дүн!