Цэргийн ууган ангиудын нэг, “Холбооны тусгай хороо” хэмээн алдаршсан Зэвсэгт хүчний 013 дугаар ангид 2024 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан дайчид эх орон, төр, ард түмэндээ үнэнчийн баталгаа болсон цэргийн тангаргаа өргөлөө.
Тангараг өргөх ёслолд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт оролцож, арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ
"Цэргийн тангараг нь цэргийн албан хаагчийн эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн андгай бөгөөд Монгол Улсаа батлан хамгаалах асар их үнэ цэн, үүрэг, хариуцлага хүлээлгэсэн итгэл найдвар гэдгийг онцлоод, цэргийн албанаас өөрийгөө олж таних, алсын хараа ирээдүйгээ тодорхойлох, эх оронч үзлээр төлөвших, тэсвэр хатуужилтай болох олон эрхэм чанарыг эзэмших болно. Эх орноо батлан хамгаалахаар тангараг өргөсөн эр цэрэг бүрийн зүрхэнд эх орон нь багтдаг" гэдгийг тодотгов. Тус арга хэмжээнд ЗХЖШ, хугацаат албаны дайчид болон тэдний ар гэрийн төлөөлөл өргөнөөр оролцлоо.