ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Залуучуудын хөгжлийг дэмжих төлөвлөгөөг НҮБ-д танилцуулжээ

O.Admin
23 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газар Залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүргээ үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасны дагуу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас “Залуучуудын хөгжлийг дэмжих стратеги төлөвлөгөө 2025-2030”-г боловсруулж, танилцуулсан.

Тус төлөвлөгөөг өчигдөр НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань, КОЙКА болон олон улсын бусад байгууллагын төлөөлөгчдөд танилцууллаа.

Төлөвлөгөөний танилцуулгыг “Алсын хараа 2050” салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Ж.Тана, Монгол Улсын Олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хорооны Ажлын албаны дарга Б.Тэмүүлэн нар хийв.

Энэхүү стратеги төлөвлөгөө нь Монгол Улсын нийт хүн амын 29 хувийг бүрдүүлж буй 15-34 насны залуучуудын хөгжлийг дэмжихэд чиглэсэн бодлогын баримт бичиг юм. Төлөвлөгөөгөөр залуучуудын боловсрол, орон сууц, хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон талт арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан.

Танилцуулга уулзалтын үеэр залуучуудын хөгжил, оролцоог дэмжих цаашдын хамтын ажиллагаа, хэрэгжүүлэх гол ажлуудын талаар санал солилцлоо.