ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Алтангэрэл: Цалингаас гадуур хууль бусаар олсон хөрөнгөө нотолж чадахгүй бол хураана

O.Admin
7 цагийн өмнө

Хуульзүй, дотоод хэргийн яамнаас төрийн өндөр албан тушаалтан цалингаас гадуур хууль бусаар олсон мөнгөө нотолж чадахгүй бол хураах зохицуулалт буюу Хөрөнгө хураах хуулийн төслийг боловсруулж Засгийн газарт өргөн барихад бэлэн болжээ. Энэ талаар сайд О.Алтангэрэл мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Хөрөнгө хураах тухай хуульд хувийн хэвшлийн ААН болон хувь хүний хөрөнгө хамаагүй. Гагцхүү улс төрийн болон бүх нийтийн албан тушаалтнууд хууль бусаар хөрөнгөжиж орлогоо тайлбарлаж чадахгүй бол түүний хураалгах зохицуулалтыг тусгасан. 2002 оны эрүүгийн хуулиар гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хураах заалтыг тусгасан.

Монгол Улсын иргэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг шударгаар олж авах ёстойг Үндсэн хуульдаа тусгачихсан. Хувийн өмч энэ хуультай ямар ч хамаагүй. Цалингаас гадуурх хууль бусаар олсон хөрөнгө орлогоо тайлагнаж чадахгүй бол хураалгана гэдэг ойлголт. Бусдын хөрөнгийг хураах гэлээ гэсэн сөрөг пиар их явж байгаа. Тэр хүмүүс хуулиа уншаад үзээрэй” гэв.

Мөн үндэслэлгүйгээр ажлаас халагдсан нь шүүхээр тогтоогдсон нөхцөлд тухайн хүний цалинг төрөөс гаргаж өгдөг. Буруутай албан тушаалтан нь уг мөнгийг төлдөггүй. Байгууллага дээр ч мөн адил. Тиймээс төрд хохирол учруулсан албан тушаалтнууд тэр хохирлоо өөрсдөө төлдөг байя гэсэн журмыг Засгийн газрын хуралдаанд мөн танилцуулжээ.