Нийслэл Улаанбаатар хотын Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал У.Баатар түгжрэлийг бууруулахад авч хэрэгжүүлж буй төслүүдийн талаарх мэдээллээ танилцууллаа.
Тэрбээр, "Нийслэлд 2030 он гэхэд метро, дүүжин тээвэр, LRT, BRT, тойрог хурдны зам, туулын хурдны замын төслүүдийг ашиглалтад оруулах зорилт тавьсан. Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс, төслүүдийг хэрэгжүүлэх он цагийн дагуу судалгаа, шинжилгээ, тооцоолол, ажлуудыг хийж бэлтгэл ажлуудыг хангаж байгаа.
Туулын хурдны зам төсөл нь инженерийн шийдлийн хувьд авч үзвэл хоёр жилийн хугацаанд барих боломжтой. Тус замын байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл судалгаагаар харагдана. Голын голдирол, одоо байгаа ногоон байгууламж, ойр орчинд нь амьдарч байгаа ан амьтны нүүдэл гэхчлэн олон асуудал бий. Томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд бид Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтарч ажиллаж байгаа. Ажлын хэсэгт төлөөллүүд орж, чиглэл бүрийн асуудлыг авч хэлэлцэж байгаа. Мөн хэрэгжиж байгаа төслүүдийнхээ явцыг иргэд олон нийтэд ойлгомжтой байлгах үүднээс ipiu.mn сайтад дэлгэрэнгүй харуулахаар төлөвлөж байгаа. 14 хоногийн дараа хөгжүүлэлт дуусах учраас хүссэн иргэд төслүүдийн ерөнхий мэдээллийг орж харах боломжтой.
Дүүжин тээвэртэй холбогдох судалгааг хийж, шаардлагатай техник хэрэгслийг татан авах талаар холбогдох улс орнуудын нийлүүлэгчидтэй уулзсан. Үнэ ханш болон зээлийн тухайд Монголын талд ашигтай байхаар харж байгаа. Одоогоор дүүжин тээврээр зорчих үнэ эцэслэгдээгүй. Улирал тутамд л бид ТЭЗҮ дээрээ анализ хийж, үнийн хэлбэлзлийг тооцоолж байгаа. Эцсийн дүндээ бол байж болох хамгийн хямд үнээр л иргэд зорчих боломжийг бүрдүүлнэ.
Хамгийн гол нь иргэн бүр суух боломжтой, төлж чадах тарифыг л тогтооно. Тоног төхөөрөмжүүд эхнээсээ Замын-Үүдийн боомтоор орж ирж байгаа. Ирэх оны зургадугаар сард үндсэн цамхаг, кабенаа угсрах ажлаа хийж дуусна. Дүрмээрээ угсралт хийснээс хойш бүтэн зургаан сар, зорчигч суулгалгүй туршилтын тээвэрлэлт хийх ёстой.
Бид энэ цаг хугацааг нь наашлуулж, ирэх оны есдүгээр сарын 1-нээс өмнө Улсын комисс хүлээж авах шаардлагыг тавьж байгаа. Нийслэлийн зүгээс зөвшилцөх бүх ажлаа хийж дуусгасан. Одоо газар чөлөөлөлтийн ажил "Хархорин" худалдааны төвийн баруун талд байдаг "Барс-2″ худалдааны төвийн зарим хэсгийг буулгана. Мөн хажуугийн нэг объектыг буулгана. Бид өмчлөгч иргэдтэй тохиролцсон байгаа. Яармагийн зам дээр оргил ачааллын үед 90-95 мянган машин зорчиж байна. Энэ том урсгалыг сааруулах зорилготойгоор энэ төслийг хийж байгаа" гэв.
Мөн трамбай төсөл, нүхэн гарц төсөл, тусгай хэрэгцээний автобус төсөл, метро төслүүдийн өнөөгийн явц, хэрэгжилтийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй өгч уг бүтээн байгуулалтыг хийхэд Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ, Монголын Инженерүүдийн Холбоо ТББ-ын гишүүн байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.