ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Танай, манай дарвагар

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-05-16

Танайд нэг дарвагар байдаг даа, нэг хэсэг их дарвалзаагүй юу. Иргэний хөдөлгөөн гээчийг байгуулсан ч бил үү, үүсгэсэн гэдэг ч бил үү, нэг хэсэгтээ л дөвчигнөсөн юм даг. Хаврын урин орохоос намрын сэрүү унах хүртэл төв талбайн цементийг элээх шахам жагсч, түмэн олны төлөө гэсэн үгээр зэвсэг хийж явсан санагдана. Яг үнэндээ түмэн олны төлөө байсан уу, төрийн албанд сандал олохын тулд уу гэдгийг нь ялгаж, салгаж хэлэх арга алга. Монголчуудын амьдрал дээшилж шалиагүй, мань эрийнх шат шатаар ахисаныг харвал юуны төлөө байсныг нь дүгнэж болохоор. Ганц авууштай нь тэр монголчуудад жагсч, тэмцэж болно шүү гэдгийг мэдүүлсэн хүмүүсийн нэг нь үнэн. Сүүлд бас ард иргэдийн эрх ашгийг хамгаалдаг газрын дарга болж, аж ахуйн нэгжүүдийг шударгаар өрсөл­дүү­лэхийн төлөө нэлээд зүтгэсэн. Тухайн үедээ дарвалзсан уу гэвэл тийм ээ, тэгсэн. Зарим нэг нь түүнийг бүр Дамжбийжаагийн тоодгор гэж бичиж байлаа. Түүний хошуу дүрээгүй салбар ч үлдээгүй байх.

Ёстой л нэг дарвалзсан шиг дарвалзаж, дарцаг туг шиг хийссэн дээ. Гэхдээ л түүний үед л иргэдийн төлөө ажиллах зорилготой байгуулагдсан байгууллага жаахан амь орж ирсэн. Одоо танай дарвагар жаахан даруухан болсон. Нам хавьцаа сууж, хааяа нэг гарч ирж “хашгирч” байгааг эс тооцвол. Харин манайд нэг дарвагар байдаг даа, одоо л ид дарвалзаж байна аа, тэр. Богино долгиноны радиод хөтлөгч байсан ч гэдэг байх аа, нэг хүн бий. Нам дагавал ам тосдоно гэдгийг ёстой нэг утгаар нь үзүүлж байгаа хүн дээ. Зөөлөн сандалд сууж үзэх мөрөөдлөө биелүүлэхийн тулд албан байгууллагын гадаа сор залж, өөрөө шатах шах­сан ч удаа бий. Сүүл­дээ нэг намын хур­ган дар­га хийж бай­гаад толь ч бил үү, шаа­зан ч бил үү, нэг хоч зүү­сэн юм­даг. Түү­ний­хээ дараа бүр хүн орлодог дарга болсон. Удаах бил үү, хоёрдугаар гэсэн үү, нэг албан тушаал одоо хашиж байгаа. Албан тушаалд хүрэхээсээ өмнө өөрийн намынхныг тэнгэрт гартал магтаж, өрөөлийнхийг дэлхийн цөмд хүртэл муулж явсан нь бий. Нэг яамны хоёрдагч болсноосоо хойш дарвалзах нь бүр нэмэгдэж байгаа. Өнөөх шил, шаазангаа ч мартсан. Өөрөө дарга бо­ло­хоор шил, шаа­зан­гаар орол­до­хоор ха­гар­чих гээд бай­гаа бо­лол­­той юм.

Тий­мээс өнөө цэн­хэр шу­вуу­ны зу­раг­тай хая­­гаа­раа ба­хир­­на гэж яад­гийг сон­­год­­гоор үзүүл­сээр буй. Шил­тэй зуу­ралд­санаас дээр гэж үзсэн юм байл­гүй дээ. Сүүлийн үед мань хүн бүр ч илүү дарвалзаж байна. “Бахираа”-гаараа дамжуулж онц сураад хэрэггүй. Онц сурч байсан, хуулуулдаггүй нөхдүүд олигтой амьдардаггүй хэмээн залуучуудад сурталчилж, дарвалзав. Түүнийхээр бол дарга нарт пялдагдаж, эсрэг гэсэн болгоноо муулж, цүнх барьж гүйсээр байгаад албан тушаалд оччихоод, “бахираанд” нэгдээд, онц сур­лагт­нуудыг муулах ёс­той бололтой. Ингэж л залуу үедээ муу үлгэр дуу­­риалал үзүүлж, дарвал­заад байгаа юм даа, манай дарвагар. Ирэх жилийн өдий хавиас сонгуулийн уур амьсгал орчихно. Тэр үед танай, манай дарвагарууд жинхэнэ утгаараа ажлаа эхэлнэ дээ. Юун муу сурахыг уриалах. Тэр юу ч биш. Сөрөг намын хүн л байвал хөгшин, залуу гэлтгүй дайрна.

Манай дарвагар бол бүр газрын гаваар оруулаад, далд оруулах байх. Танай дарвагар ч нэг их дутахгүй дээ. Оффшор данс, авлига хээл хахуул, амлалтаа биелүүлээгүй, ажлаа хийгээгүй гээд л ярих юмаа ч ярина. Манай дарвагар 2020 онд дахин нам нь ялж, хоёрдагч биш анхдагч болохыг мөрөөдөх нь дамжиггүй. Танай дарвагар ч гэсэн намаа ялуулж, саарал ордны улаан хивсэн дээгүүр биедээ цахилгаан хурааж алхахыг хүсч л байж таарна. 2020 оны эхнэд манай дарвагар яаж дарвалзаж, танай дарвагар ямар хариу барихыг сайтар үзээрэй. Ер нь бол, манайд өөр хэд хэдэн дарвагар бий. Танайд ч бас цөөнгүй хэдэн дарвагар байгаа. Түрүүчээсээ поп чиглэлээр “цомог” гаргаж, улс төрийн зах зээл өрсөлдөх зорилготой ч дарвагарууд байна. Яаж ч бодсон миний эх орон дарвагаруудын өлгий болох шинжтэй. Дарвалзаж болно оо, дарвагарууд аа. Гэхдээ муу сурахыг уриалж л битгий дарвагнаарай.