ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Учрал: Айхгүй агшихгүй, дайрч дарамталлаа гээд ухрахгүй

O.Admin
22 цагийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар стратегийн ач холбогдол бүхий хэд хэдэн ордын асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргажээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Тавантолгой ордын “Бор тээг"-ийн уурхайд Эрдэнэс Тавантолгой, Админерал, МТАС зэрэг түншлэлийн компаниудтай 2021 оны арваннэгдүгээр сарын 27-нд байгуулсан хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолт, баяжуулалтын гэрээг хүчингүй болгож байна. УИХ 2024 оны есдүгээр тогтоолоор Засгийн газар гаргасныг бодит ажил болголоо. ЗГХЭГ-ын даргын хувиар МТАС-ийн түншлэлийн гэрээг хуульд нийцүүлэх, хуулийг хэрэгжүүлэх чиглэлд тушаал гаргаж, тус гэрээг хүчингүй болгох багийг ажиллуулсан. Энэ баг эцсийн санал дүгнэлтээ танилцуулсныг Засгийн газар хүчин төгөлдөр болголоо. ТУЗ хуралдаад хүчингүй болгоно.

Ер нь төрийн ажлыг жонхууруулдаг байдлаа таслан зогсоохыг шаардаж байна. Миний бие ард түмний баялгаа хамгаалж, үр өгөөжийг нь хүртээх Үндэсний баялгийн санг амилуулахаар ажиллаж байгаа ажлын хэсгийг ахалж буй. 

Энд аль нам, хэн гэдэг улстөрч байх нь хамаагүй. Айхгүй, агшихгүй. Дайрч, дарамталлаа гээд ухархгүй, няцахгүй .Ухаа худаг, Төгрөг нуур, уул овоо, овоолго бүгд Монголын баялаг. Байгалийн баялгийг хэн нэгэн бүтээгээгүй. Ард түмэн үүндээ эзэн байж, эрүүл мэнд, боловсролдоо зарцуулах орчныг бүрдүүлсэн. Авах ёстой хуулийн дагуу нуураа, худгаа, овоолгоо ч авах ёстой.  Үнэний талд зогсож байгаа учир итгэл дүүрэн байна.

АТГ, прокурор, цагдаагийн хамтарсан баг Төгрөг нуурын баримтуудыг шалгаж байгаа. Монголчуудын баялгаар муур хулгана болж, боломжоор нь бөмбөг шиг наадаж байгаа бол Монголын хууль дуудах нь зүй ёсны хэрэг юм. Зөвхөн нэг ордыг хөндөхөд л маш олон асуудал гарч ирж байна. Тиймээс хуулийн баг ажиллах болно оо. Ялгаварлан гадуурхалт байхгүйгээр бүгдийг шалгаад явна аа. Ухаа худагийн асуудалд бичиг баримтын бүрдүүлбэр дутуу байгаа учраас буцаасан удахгүй УИХ-аар хэлэлцэх юм билээ” гэлээ.

Мөн Эрдэнэт үйлдвэрийн овоолго дээр Ачит ихт, Эрдмин, Зэс эрдэнийн хувь гэдэг гурван компани ажиллаж байгаа. Эдгээр компаниуд 14 жилийн турш улсад хувь өгөөгүй. Тийм учраас энэ компаниудтай хэлэлцээ хийж улс хувиа ямар хэлбэрээр авдаг болох асуудлыг ярихаас гадна Төгрөг нуурын ордын асуудалтай холбоотой баримтууд АТГ-т хүргэгдэж, АТГ шалгаж эхэлжээ.