ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төгрөг нуур АТГ-т шилжиж, Ухаа худаг УИХ-ын түвшинд гацжээ

O.Admin
1 өдрийн өмнө

“Ухаа худаг”-ийн хууль бус эзэмшилтэй холбоотой асуудлыг хариуцаж буй Ажлын хэсгийн ахлагч О.Алтангэрэл стратегийн орд газруудын асуудал ямар шатанд яваа талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр, Н.Учрал гишүүн Засгийн газрын хуралдаанд “Төгрөг” нуурын ордтой холбоотой шалгах ёстой материалууд байна гэж танилцуулга хийсэн. Эдгээр танилцуулгад дурдсан баримтууд үнэн бол мөнгө угаах гэмт хэрэг байж болзошгүй зүйлийг ч ярьсан. Үүнийг нягталж шалгах үүрэг нь хууль хяналтын байгууллагад байдаг. Миний ойлгосноор эдгээр баримтуудаа АТГ-т хүргүүлсэн гэж ойлгосон.

Нөгөө талаар ард түмэн баялгаас хувь хүртэх ёстой. Энэ чиг шугам дээрээ хатуу ухрахгүй. Засгийн газраар Ухаа худаг ордтой холбоотой асуудлыг хэлэлцүүлээд 54 хонолоо. УИХ-д албан тоотоор хүргүүлээд 31 хонож байна. Энэ 31 хоногийн хугацаанд хэзээ, яаж УИХ-аар хэлэлцэх юм бол гэж ажлын хэсгийн ахлагчийн хувьд хүлээж байгаа.

Ер нь хоногийг нь тоолоод зарлаад явна аа. Яагаад УИХ-ын чуулганаар хэлэлцэхгүй байгаа юм бэ. Хууль зөрчсөн, зарим тохиолдолд гэмт хэргийн шинжтэй асуудал байхад чинь яагаад гацаав. Ард түмэнд үнэнийг мэдүүлье. Ухаа худаг бусад бүх стратегийн ордуудаа ч ярьмаар байна аа.

Монголын ард түмэн баялаг хүртэх тухай ярьж байхад дунд нь сарнисан, улстөржүүлсэн, улстөрчид хоорондын дайсагнасан асуудал, цаг зуурын чимээ шуугианд саатуулмааргүй байна. Хамгийн их нөөцтэй, хамгийн чухал ордыг хулгайлаад авчихсан асуудлыг гацаагаад байгааг би ойлгохгүй байна. Бид нэмэлт материалыг УИХ-д хүргүүлээд дахиад 10 хонож байна” гэлээ.