Алтай-Улиастай чиглэлийн 178 километр авто замын эхлэл хэсэг, Улиастай-Цагаанхайрхан хэсгийн 40 километр хатуу хучилттай авто замын төслийн нээлт боллоо.
"Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засварын арчлалтын төсөл"-ийн хүрээнд хийгдэх авто замын нээлтэд Улсын их хурлын дарга Д.Амарбаясгалан, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нарын албаны хүмүүс, төслийн гүйцэтгэгч компани, нутгийн иргэд оролцлоо.
Улиастай сумаас Цагаанхайрхан сум, Алтай чиглэлийн 40 км авто замын барилга угсралтын ажлыг ийнхүү эхлүүлж байна. Алдархаан сумын нутагт Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засварын арчлалтын төсөл”-ийн III үе шатны багц хоёр болох Улиастай-Цагаанхайрхан чиглэлийн 40 км авто зам 2028 онд ашиглалтад орно.
Энэ зам нь аймгийн төвөөс сумын төвийг холбох, Улиастай-Алтай, улмаар Улиастай-Алтайгаас Бургастай боомт хүрэх баруун босоо тэнхлэгийн авто замын нэг хэсэг болох чухал ач холбогдолтой юм. Улиастай-Алтай чиглэлийн авто замыг Азийн хөгжлийн банкны дэмжлэг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чайна Жиангсу интернэйшнл экономик техникал корпорейшн групп төслийг гүйцэтгэх юм.