Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 340 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв.
Хяналт шалгалтаар шаардлага хангаагүй иргэнийг нийтийн албанд томилох, хамаарал бүхий этгээдтэйгээ холбоотой захиргааны акт гаргах, гэрээ байгуулах, аж ахуйн үйл ажиллагаа давхар эрхлэх зэргээр хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчих байдал түгээмэл гарч байгаа төдийгүй ялангуяа нутгийн өөрөө удирдах байгууллагад хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй хэрэгжиж байна.
Хяналт шалгалтаар зөрчил гаргасан нийт 38 албан тушаалтанд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу сахилгын арга хэмжээг тооцуулсан байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханхонгор сум, Увс аймгийн Түргэн сум, Дорнод аймгийн Буянтүмэн сум, Халхгол сум, Сүхбаатар аймгийн Уулбаян сум, Баянхонгор аймгийн Баянлиг сум, Ховд аймгийн Засаг дарга нар нь нийтийн албанд томилогдох нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахгүйгээр албан тушаалд шууд томилсон зөрчил гаргасан тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасны дагуу хариуцлага тооцуулжээ.
Түүнчлэн зөрчил гаргасан нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцох, албан тушаалтны томилгоо, сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод болгох, дотоод хяналтыг сайжруулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар Боловсролын сайд, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт албан бичиг хүргүүлээд байна.