ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Оюутолгойн хяналтын сонсголын асуудлаар хэн юу хэлэв

O.Admin
1 цагийн өмнө

Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг ирэх арванхоёрдугаар 8-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэж, холбогдох тогтоолыг баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, П.Ганзориг, Б.Жаргалан, С.Зулпхар нар өнөөдөр (2025.11.13) хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл хийлээ.

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд 300 гэрчийг оролцуулахаар Хянан шалгах түр хороо шийдвэрлэсэн байна. Мэдээллийн үеэр гишүүдийн илэрхийлсэн байр суурийг тоймлон хүргэе.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Сонсголын гэрчийн нэрсийн жагсаалтад Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан гурван хүн, Ерөнхий сайдаар ажиллаж байсан долоон хүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан 25 хүн, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан 39 хүний нэрс багтсан. Мөн бусад албаны хүмүүсийг дуудсан байгаа.  

УИХ-ын хянан шалгах түр хорооны сонсгол нь хэн нэгнийг цоллох биш, тусгай шалгалтын хүрээнд хянан шалгах үйл ажиллагаа явуулж, нотлох баримтуудыг цуглуулан, судлан шинжилж, олон нийтийн мэдэх эрхийг хангах үйл ажиллагаа. Тиймээс сонсголд дуудагдаж буй гэрчүүдийг иргэдийн мэдэх эрхийг хүндэтгэн Хянан шалгах түр хорооны сонсголд идэвхтэй оролцохыг хүсэж байна.

УИХ-ын гишүүн П.Ганзориг: “Оюу толгой” төслөөс Монголын ард түмэн нийт үр өгөөжийн 50-иас дээш хувийг  хүртэх хүлээлттэй байсан хэдий ч өнгөрсөн хугацаанд 25 орчим хувийн үр ашиг хүртэж байгаа. Төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр гаргаж байсан УИХ-ын үе үеийн шийдвэрүүд хэрэгжихгүй байгаа.

Аль түвшиндээ, ямар шалтгаанаар хэрэгжилт нь хангагдахгүй байсныг Хянан шалгах түр хорооны хянан шалгагч, шинжээчид тогтоохоор 60000 гаруй хуудас материалыг судлан, шинжилж байгаа. Сонсголоор Монголын ард түмэнд бодитой мэдээллүүдийг хүргэж, шалтгаан нөхцөлийг тодруулж ажиллана.

60000 гаруй хуудас баримтын тэн хагас нь “Онтрэ” ХХК-тай холбоотой, нууцын тамга бүхий баримтууд байгаа учраас шинжээчид, хянан шалгагч нар ажиллах хэдий ч олон нийтэд холбогдох мэдээллийг хүргэх боломжгүй, нотлох баримт болгон ашиглах боломжгүй болоод байна. Иймд эдгээр баримтыг нууцын ангиллаас гаргуулах хүсэлтээ Засгийн газарт хүргүүлсэн.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: "Оюу толгой" ордыг ашиглах хөрөнгө оруулалтын 30 жилийн хугацаатай гэрээг 2009 онд байгуулж, өдгөө 16 жил болж байна. Энэ цаг мөчид монголчууд энэхүү гэрээтэй холбоотой асуудлуудаар нэгдсэн ойлголтод хүрэх нь нийгэмд итгэлцэл бий болох ач холбогдолтой. Гэрээ хэрэгжсэн 16 жилийн хугацаанд ямар алдаа гарав, түүнээс ямар сургамж авсан гэдгээ дүгнэх цаг болсон гэж үзэж байгаа.

Үүнээс суралцсан сайн туршлагаа дараа дараагийн гэрээнүүдэд тусгах, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, уул уурхайн салбараас Монголын талд ногдох өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр эрх зүйн орчныг сайжруулахад нөлөө үзүүлнэ гэж итгэж байна.

Ийм ч учраас хянан шалгах түр хороо энэ хугацаатай давхцан байгуулагдаж, ажиллаж буйд их олзуурхаж байгаа. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг болон Рио Тинто группийн эрх бүхий ажлын хэсгийн “Оюутолгой” төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн хувийн зохистой байдлыг хянан үзэх албан ёсны хэлэлцээтэй хянан шалгах түр хорооны сонсгол давхцаж байна.. Сонсголын нотлох баримтууд, холбогдох үйл явц нь гэрээний нөхцөлийг сайжруулах, Монголын талын хүртэх өгөөжийг зохих хувьд хүргэхэд эерэг үр нөлөө үзүүлэх боломжтой.  

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Сонсголд гэрчээр оролцсон хүмүүсийг буруутгахгүй байх нь чухал юм шүү. Гэрчээр оролцох хүмүүс нь тухайн үеийнхээ нөхцөл байдалд  хийх ёстой ажлаа боломжийнхоо хэрээр гүйцэтгэж ажилласан гэдгийг ойлгож, дараа дараагийн Засгийн газар илүү сайжруулахад анхаарах шаардлагатай. Сонсголын дараа нотлох баримтаар цуглуулсан 60000 гаруй хуудас материалыг судалсан хянан шалгагч, шинжээчдийн дүгнэлтээр шаардлагатай хэсэг нь хууль хяналтын байгууллагад шилжих ёстой юм. Энэ гэрээ Монгол Улсад ашигтай, Монгол Улсын иргэн бүрд өгөөжтэй  байх ёстой төсөл.

УИХ-ын гишүүн С.Зулпхар: Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх хянан шалгах түр хороо таван сар гаруй хугацаанд ажилласан.

Энэ хугацаанд зохих үр дүнгүүд гарсан. Тухайлбал, гэрээний талаарх хэлэлцээ эхэлсэн бөгөөд үүнд УИХ-ын Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа хөшүүрэг болж, нөлөө үзүүллээ. Хэлэлцээний дүнд зээлийн хүүг бууруулах, цаашлаад менежментийн зардлыг бууруулах боломжтой. Эрх тэгш байх, харилцан ашигтай байх зарчмын хүрээнд асуудлыг шийдвэрлэх байр суурийг баримталж байна.

Үүний зэрэгцээ “Онтрэ” ХХК-ийн асуудал хөндөгдөж байгаа. Тодорхойгүй энэ нөхцөл байдлын талаар Засгийн газар хэлэлцээрийн явцад тодорхой байр суурийг илэрхийлсэн, Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо адил. Стратегийн ач холбогдолтой орд, Монголын ард түмний баялаг учраас тусдаа хэлэлцээ хийж, эрх тэгш, харилцан ашигтай байх зарчимд нийцсэн тухайлсан гэрээ байгуулагдах ёстой.“Оюу толгой” төсөл нь Монгол Улс дахь хамгийн том төсөл, хөрөнгө оруулалт бөгөөд Монгол Улсын хууль тогтоомж, төрийн аливаа шийдвэрүүд хэрэгждэг байх нь чухал.