ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ухаалаг камерын системээр зам тээврийн осол, саадыг хугацаа алдалгүй илрүүлж байна

O.Admin
2 цагийн өмнө

Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосон. Үүний үр дүнд замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, хөдөлгөөнд соёлтой оролцох хүмүүс нэмэгдэж, зөрчил багасаж, гэмт хэрэг, зөрчил, осол аваараас урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөний эрчмийг хянах боломж бүрдээд байна.

Тухайлбал, ухаалаг камерын системээр зам тээврийн осол, саадыг цаг хугацаа алдалгүй мэддэг болсон. Ингэснээр хөдөлгөөнд саад учруулсан нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, зорчих хэсгийг чөлөөлөх хугацааг хоёр дахин багасгасан. Өөрөөр хэлбэл, осол саадыг илрүүлэхийн тулд хамгийн багадаа 10-30 минут зарцуулдаг байсан бол энэ хугацааг хэмнэсэн.

Мөн 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл тээврийн хэрэгслийн хуурамч улсын дугаар ашигласан 587, улсын дугааргүй болон улсын дугаараа буруу байршуулсан 13,358 тээврийн хэрэгслийг илрүүлж, зөрчлийг арилгууллаа.