ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

П.Сайнзориг: Монголын улстөрчид монгол охидыг Ж.Эпштэйнд зуучилсан уу

O.Admin
1 цагийн өмнө

Өнөөдөр болсон Хуульзүйн байнгын хорооны хуралдааны үеэр АНУ-ын Сангийн сайд асан Ж.Эпштэйнтэй холбоотой ноцтой баримтуудад Монголын зарим улстөрчдийн нэрс дурдагдаж буй асуудлыг хөндлөө. Тодруулбал, насанд хүрээгүй охидыг бэлгийн зуучлагч хийж, улстөрчдөд өгдөг байсан гэх "Ж.Эпштэйний файл" гэдэгт Монголын нэр бүхий улстөрчдийн мэдээлэл явж байна гэж УИХ-ын гишүүн П.Сайнзориг ярив.

Тэрбээр, “Миний нэг сэтгэл зовоож буй асуудлыг ярихгүй өнгөрч болохгүй байх. АНУ-ын төрийн департаментын албан ёсны вэб сайт дээр манайтай холбоотой бүр дэлгэрүүлж хэлбэл манай зарим улстөрчидтэй холбоотой мэдээлэл гарч ирж байгаа. Тэр дунд дэлгэгдсэн баримт дотор монгол охидтой цагийг өнгөрөөх, монгол охидыг авч очиж байна, охидын виз гараагүй байна, удахгүй очно гэх зэрэг баримт гарч ирж байна. Үүнийг шалгаж үзсэн үү.

Бусад улс орнууд энэ мэдээллийг өөр, өөрсдийн шугамаар шалгаж нягталж үзээд асуудлаа мухарлаж байна. Төрийн эрх бүхий байгууллагын вэб сайтад нэр гарч байхад бид анзаарахгүй сууж байна. Монголын төрийн өндөр албан тушаалтнуудын нэр холбогдон гарч ирснийг манай цагдаагийн байгууллага анзаардаг юм уу. Цагдаагийн албаны тухай хуулиар олон нийтийн сүлжээнд гарч буй ийм мэдээллийг шалгах үүрэгтэй биз дээ. Ийм байдлаар дамжаад уул уурхай, эдийн засгийн шийдвэрт нөлөөлдөг юм байна.

Зарим ордуудын нэр хүртэл дурдагдсан. Янз бүрийн байдлаар охид хүүхнүүдийг зуучилдаг байсан юм биш биз. Хайлт хийхэд ийм 900 гаруй илэрц илэрч байна лээ. Үүнийг шалгах ёстой. Дубайн гэрээ байгуулагдах үеийн цаг хугацаатай уялдаж байна лээ” хэмээн байр сууриа илэрхийлэв. Тэгвэл Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан "Сошиал орчинд гарсан "Эпштэйний файл" гэх асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулагдсан" хэмээжээ.