Улсын нийслэлийг удирдаж суугаа Су.Батболд дарга өнгөрөгч баасан гарагт нэгэн “мэргэн” шийдвэр гаргаснаа олон нийтэд танилцуулав. Тодруулбал, нийслэлийн төр захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг 09.00 цаг болгож, харин тарах цагийг 18.00 цаг болгож хойшлуулжээ. Ингэснээр түгжрэл буурна гэж үзсэн юм байх. Үгүй мөн “мэргэн” шийдвэр шүү. Монгол Улсын Ерөнхийлөгчийн цэцэрлэгийн тарах цагийг хойш урагш болгож, төрийн болон хувийн хэвшлийн албан хаагчдад ажил хийх боломж олго гэсэн үүргийг ажил хэрэг болгох гэсэн “Ундуй, Сундуй” даргын энэхүү шийдвэр нь нуухыг нь авах гэж нүдийг нь сохолсноос ялгаагүй юм болов.
Цэцэрлэгүүд хэдийгээр өглөө 07.30 гэж хүүхдээ авч эхлэх ёстой гэдэг ч дотоод журам гэдгээрээ далайлгаж 08.00 цагт авч эхэлдэг. Улмаар 08.00 цагтай уралдаж хүүхдээ өгсөн эцэг эхчүүд, 08.30 гэхэд ажилдаа ирж чадахгүй ажлаасаа хоцрох нь бэрхшээл байсан уу гэвэл байсан. Гэхдээ тэглээ гээд ажлын цагийг 30 минутаар хойшлууллаа гээд үр дүн огтхон ч гарахгүй. Харин ч орой хуруугаа хийх гэж, ажлаа дуусахыг хүлээж суусаар хүүхдээ авах цаг нь хойшилно. Тэр хэрээр 18.00 цагаас хойш цэцэрлэгийн багшид илүү цагийн хөлс бодож өгнө. Зам дээрээ түгжирч явсаар харих цаг нь хойшилно.
Хоёрдугаарт, нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн дийлэнх байгууллага өглөө 09.00 цагт ажил нь цугладаг. Мөн их дээд сургуулийн хичээл эхлэх цаг ч тэр үед байдаг. Угтаа төр, хувийн хэвшлийн ажил цуглах, тарах цагт 30 минутын зөрүү байдаг учраас бас ч гэж түгжрэл нь хойш урагшаа болдог байлаа. Харин бүгдийнх нь эхлэх цагийг ижил болгосноор 07.30 цагаас хойш бүх машин зам дээр гарч ирээд таг гацдаг болно гэсэн үг. Мэргэн даргын шийдвэр хэрэгжиж эхэлсэн өнөөдөр өглөө гэхэд л урьд өмнөхөөс илүү түгжрэлтэй байсныг, машин зогсоож давхидаг Су дарга мэдэхгүй нь тодорхой л доо. Орой дахиад л бүгд нэг зэрэг тарна. Бүгдээрээ хүүхдээ авах гэж түгжирнэ. Ийм л энгийн логикийг ойлгохгүй хүн хот удирдаж, бас тооцоо судалгаагүй шийдвэр гаргачихаад маадгар алхаж явна. Угтаа, Ерөнхийлөгчийн өгсөн үүргийг ажил хэрэг болгох гэж байгаа бол цэцэрлэг, сургуулийнхаа тарах цагт өөрчлөлт оруул Су дарга аа.
Сургуулиудаа автобустай болго. Хувийн сургуулиудыг бүгдийг нь автобустай болгохыг шаард. Унадаг дугуйныхаа замыг барь, хувь, хувьсгалын байгууллагуудын гадна дугуйн зогсоол барь. Цэцэрлэгүүд 07.30 гэхэд хүүхдээ авчихдаг бол 08.30 гэхэд хэн ч ажилдаа амжина. Орой 05.30 гэхэд тараад 30 минутад хүүхдээ авчих гэж хичээдэг, ажлаа зохицуулдаг болчихно. Гэтэл төр, хувийн хэвшил, их дээд сургуультайгаа хамт өглөө 09.00 цагт ажилдаа ирэх гэж яг нэг цаг, нэг минутад зам дээр гацах нь ээ. Хуруугаа хийх гэж хичээдэг, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг төрийн албан хаагчид орой болгон 18.00 цагийг хүлээж суусаар үргэлж илүү цагийн мөнгө төлөх хэрэг үү. Тийм боломжтой нь хэд байх бол. Эсвэл төрийн ажлыг цалгардуулж, ажлынхаа дундуур хүүхдээ аваад, эргэж ирээд хуруугаа уншуул гэсэн журам гаргачихлаа гэж ойлгож болох уу.