ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ЦЕГ: 55 настай эрэгтэйн цогцсыг гэрээс нь 100 метрийн зайнаас олсон

O.Admin
1 цагийн өмнө

Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Улиастайн “Бурхантын ам” гэх газарт баавгай айлын гэр лүү дайрч, 55 настай эрэгтэйг барьж, хохирогч амиа алдсан бол 40 гаруй насны эмэгтэй баавгайн дайралтаас амь мултарч, өдгөө биеийн байдал хүнд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Тэгвэл хэргийн  талаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийв. Тэрбээр, “Иргэний өгсөн мэдээллийн дагуу дуудлагаар очиход 40 настай эмэгтэй нүүрэн тус газраа самардуулж, гэрээс гарч зугтсан юм билээ. Талийгаач 55 настай эрэгтэй харамсалтай нь гэрээсээ гарч чадахгүй бариулсан, гэрээс нь 100 орчим метрийн зайнаас цогцсыг нь олсон. Баавгайг эрж хайх, олж тогтоох ажиллагаа явагдаж байна. Баавгай дайрсан тохиолдолд хариуцлага хүлээлгэх субект байхгүй. Гэхдээ орж ирсэн тохиолдолд хяналт тавих ажлыг төр анхаарах, баавгайг барьж авч буцаан тавих ажлыг хийх ёстой. Бусад шаардлагатай төхөөрөмж, эд зүйлсийг худалдан авах ажиллагаа явж байна. Суурьшлын бүсээс бага зэрэг зайтай, бэлчээрийн орчимд хамаардаг. Гэхдээ малчид их байгаа учраас болгоомжтой байхыг сануулж байна” хэмээлээ.

Харин ГССҮТ-өөс “Шөнө 02.00 цаг өнгөрч байхад ирсэн. Ирэхдээ баавгайд хазуулсан том шархтай, цус алдсан, шокийн байдалтай хүргэгдэж ирсэн. Шокийн байдлаас гаргах, шархыг цэгцлэх мэс ажилбарыг салбар эмнэлэгт яаралтай хийсэн. Толгой бяцарсан хугаралтай байгаа. Хэвлийн хөндий их хэмжээгээр гэмтсэн байсан. Тархины хагалгаанд өнөөдөр орно. Гавлын яс цуурсан учраас хүндрэл үүсэхгүй гэж хэлж чадахгүй. Иргэд ой модтой газраар явахдаа болгоомжтой байхыг сануулъя” гэлээ.