ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Учрал: 50 мянган яндан буулгах 100 мянган айлын орон сууц үндэсний хөтөлбөр эхэллээ

O.Admin
8 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлснийг албан ёсоор мэдэгдэж, ирэх 2027 онд 16,000 айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна. Сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна гэлээ. Өнөөдөр Сэлбэ, Шархад, Солонго I, II хороолол зэрэг төрийн мэдэлд 3572 айлын орон сууц баригдаж байна. Ирэх 2027 онд 8238, 2028 онд 11,246 гэх мэтээр нэмэгдэнэ. 2030 онд 40,000 айлын орон сууц ашиглалтад орно. 

Хувийн компаниудын 14,832 айлын орон сууц энэ 2026 онд ашиглалтад орно. Хувийн хэвшил 2030 он гэхэд 82,000 гаруй айлын орон сууц барина.  

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, 

“Төрийн мэдлийн 40,000 орон сууцаа урьдчилгаа төлбөргүй, эсвэл ачаа дарамтгүй таван жил цувуулан бүрдүүлэх сонголттой. 45 метр кв, хоёр өрөө орон сууцаар жишээ авъя. Дөрвөн сонголт байна. 1-рт,түрээсийн орон сууц. Сарын түрээс 700 000 төгрөг байна. 2-рт, түрээслээд өмчлөх хэлбэр байна. Орон сууцны  тань тал хувь нь түрээс, тал хувь нь өмчлөх хэлбэр байна. Түрээсэндээ сард 700,000 төгрөг төлнө. Өмчлөлдөө 720,000 төгрөг төлнө. Сард  1,420, 000 төгрөг болно.

Түрээсийн байр, түрээслээд өмчлөх орон сууц аль аль нь огт урьдчилгаа төлбөргүй гэдгийг гэдгийг дахин онцлон хэлье. 3-рт,түрээслээд өмчлөх болон ипотекийн зээлийн хэлбэр байна. Та 30 хувийн урьдчилгаа төлбөр олж цуглуулах хэрэггүй. Түрээсийн төлбөр дээрээ нэмээд сар бүр 860,000 төгрөгийг таван жилийн туршид цувуулан төлөөд урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломжтой. 4-рт, хамтын өмчлөл гэдэг цоо шинэ хэлбэр юм.

Орон сууцны ордер гэрчилгээнд банк, НОСК хамтран өмчилнө гэсэн үг. Орон сууцны тань 50 хувийг түрээс, эсвэл түрээслээд өмчлөхөд тооцно. Үлдсэн 50 хувьд нь зээл авна гэсэн үг юм. Урьдчилгаа төлбөрийн босго хоёр дахин намсана. Зээл, хүүгийн төлбөр ч тал хувиар багасна гэсэн үг. Төрийн мэдлийн 40 000 орон сууцны талаас илүүд гэр хорооллын айл өрх орно. Газрыг нь үнэлж, төлбөрт нь тооцно. Төрийн мэдлийн орон сууц руу нүүх 25,000 айлын яндан буулгана.

Хувийн компаниудын барих 60,000 орон сууцанд зургаан хувийн зээлд хамруулна. Анх удаа орон сууцтай болох айл өрхөд зориулна. Дотроо хоёр хэлбэртэй. 39,000 айлыг зургаан хувийн зээлд хамруулна. 21,000 айлыг эхний гурван жилд нь зургаа хувь, үлдсэн 17 жилд 12 хувийн зээлд хамруулах зэрэг сонголттой. Хотын бүс, байршлаас хамаарч, хүн амын төвлөрөл, ачаалал, түгжрэлийг давхар тооцсон хүү, нөхцөл нь өөр өөр байхаар төлөвлөлөө” гэлээ.