Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дөнгөж сая олон нийтэд хандан мэдэгдэл хийж, үүрэгт ажлаа өгч буйгаа мэдэгдлээ. Ерөнхийлөгч хэлэхдээ “Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Ерөнхийлөгчийн нэр төр, институци руу зарим нэг гэмт бүлэглэл эрээ цээрээ алдсан довтолгоо хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын ард түмний нэр хүндийг гутаан доромжиллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Тийм учраас Ерөнхийлөгчийн нэр хүнд рүү халдана гэдэг Монголын ард түмний нэр хүнд, гадаад харилцаа руу халдаж байгаа гэсэн үг.
Хүн үнэмшихийн аргагүй хүнд, онц ноцтой гэмт хэрэгт гүтгэн доромжиллоо. Хэсэг чимээгүй явж, харлаа. Сошиалд орж хамаагүй юм яриад байж болохгүй. Тиймээс өнөөдөр албан ёсоор байр сууриа илэрхийлж байна. Монголд хүн засаглахгүй хууль засаглана аа. Өчигдөр АН-ын бүлэг хуралдаж, Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаа өгч шалгуул гэдэг мэдэгдэл хийсэн байна. Үүнд би санал нэг байгаа. Үнэн худлаа өөрийнхөө үүрэгт ажлыг өгөөд тогтоолгох нь шударга ёсонд нийцнэ.
Улсын Ерөнхийлөгч гэсэн эрхэм ажлыг хүлээлгэж өгөөд нэр төрөө хуулийн байгууллагад хандаж сэргээлгэнэ. Монгол Улсын нэр хүнд өдрөөс өдөрт өсөж байна. Би ард түмэнд өгсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн. Олон улсын түвшинд хамтын ажиллагаагаа сайжруулж, дэлхий биднийг хүлээн зөвшөөрдөг болсон. Би 17 насандаа эр цэрэг болж, эх орондоо тангараг өргөсөн. Худлаа ярьж, хулгай хийж явсангүй. Үнэн мөнийн төлөө би ажиллана. Шударга ёс тогтохын төлөө эрхэм дээд үүргээ хүлээлгэж өгч байна. Алдагдсан ордуудыг ард түмэндээ авчирч байснаас биш төр, ард түмнээсээ би хулгай хийж яваагүй. Өргөсөн тангарагтаа үнэнчээр ажилласан гэдгээ зориуд хэлэхийг хүсэж байна” гэв.

