ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Эрдэмтдийн цуврал лекц”-ийг зохион байгуулж эхэллээ

O.Admin
10 минутын өмнө

Дэлхийн шинжлэх ухааны өдөр, Монгол бахархлын өдөр болон Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС) үүсэн байгуулагдсаны түүхт 85 жилийн ойг угтан Монголын уламжлалт анагаах ухааны эрдэм шинжилгээ, судалгаа, өв соёлыг хөгжүүлэх зорилгоор “Эрдэмтдийн цуврал лекц”-ийг зохион байгуулж эхэллээ.

Тус цуврал лекцийг Монголын уламжлалт анагаах ухааны үнэт зүйл, өв соёлыг судлан шинжлэх, хадгалан хамгаалах, гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд АШУҮИС болон Уламжлалт анагаах ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөл хамтран зохион байгуулж байна.

Цуврал лекцийн анхны зочин илтгэгчээр анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын Гавьяат багш Д.Цэрэндавга оролцож, 2026 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр “БОДГАЛЖСАН АНАГААХ УХААН БА БАЙ ЭМЧИЛГЭЭ, ЗАСАЛ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМ” сэдвээр лекцээ толилууллаа.

Энэхүү цуврал лекц нь Монголын уламжлалт анагаах ухааны онол, арга зүйг орчин үеийн шинжлэх ухааны судалгаатай уялдуулах, үндэсний анагаах ухааны өв соёлыг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, эрдэмтэн судлаачдын мэдлэг, туршлага, судалгааны үр дүнг харилцан солилцох, салбарын эрдэм шинжилгээ, инновацын хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.

АШУҮИС цаашид Монголын уламжлалт анагаах ухааны эрдэм шинжилгээ, судалгааны залгамж холбоог бэхжүүлж, үндэсний оюуны өвийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх, олон улсад таниулан сурталчлах үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлнэ.